
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн асан, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарт холбогдох хэргийг өчигдөр хэлэлцлээ. Сонгуулийн тухай хуулийн 50.1.1, 50.1.2 дахь заалт, 52.1.1, 52.1.4 дэх заалтыг зөрчсөн тухай БНСУ-ын иргэн Юү Ван Сү, МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо, Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН), Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нар Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд гомдол гаргасны дагуу Эрүүгийн цагдаагийн албаныхан хэрэг бүртгэлт хийж, шийдвэрлүүлэхээр дээрх шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, С.Ганбаатар түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хэлэлцсэн шүүх хурлаас “Мөнгөн хандив иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна”, “Иргэнээс бэлэн мөнгөөр хандив хүлээн авч болох бөгөөд энэ тохиолдолд хандив өгч байгаа иргэний овог нэр, регистрийн дугаарыг хандив цуглуулах эрх бүхий этгээд нь тэмдэглэн, түүний нэрийн өмнөөс сонгуулийн зардлын дансанд оруулна”, “Гадаад улсын иргэнээс хандив өгөх, хүлээн авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн болохыг тогтоож, С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.440.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан 50 сая воныг улсын орлогод оруулах, энэ шийтгэврийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлэхийг түүнд мэдэгдсэн байна. Хэрэв С.Ганбаатар шүүхийн эл тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.