
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан нар өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн X хорооны 34, 35 дугаар байрны оршин суугчидтай уулзав. Уг хоёр байрны 96 өрхийн 500 гаруй иргэн дахин төлөвлөлтийн асуудлаар Өргөдлийн байнгын хороонд хүсэлт гаргасан аж. 1961 онд ашиглалтад орсон уг байрыг мэргэжлийн хяналтын байгууллагаас актлах барилгын жагсаалтад багтаасан юм байна. Өдгөө дээвэр нь цоорхой, халаалт муутай, усны хоолой нь хагарсан, орц, хонгилын шат нь нурсан байранд иргэд амьдарч буй бөгөөд дахин төлөвлөх шийдвэр гаргаж, гурван удаа тендер зарлахад нэг ч компани санал ирүүлээгүй гэнэ. Иргэд Барилга, хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпорац, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт өргөдөл гаргасан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүй учир бухимдалтай байв. Хоёр байрны зураг төслийг хийсэн төдийгүй нурааж, шинийг барихад 34 тэрбум төгрөг шаардлагатай аж.