
Өнгөрсөн долоо хоногоос хойш гацсан УИХ, Засгийн газрын ажил өчигдөр арай гэж “хөдөллөө”. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж чадалгүй түрүүчийн баасан гаригаас хойш гурван удаа хойшилсон, уржигдар 21.00 цаг хүртэл ирц бүрдэхийг хүлээсэн Төсвийн байнгын хороо өчигдөр товлосон хугацаанаас цаг хагасын дараа эхлэв. Удаан хүлээсний эцэст ийн хуралдсан нь эрх баригч хүчний 65 гишүүн тохиролцоонд хүрсний илрэл байлаа. Тэд хэрхэн маргаж, зөрөлдөж, юуны төлөө УИХ-ыг гацааж буйг өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.
Сүүлийн хэдэн өдөр улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлын зангилааг тайлах гол цэг болоод байсан Төсвийн байнгын хороогоор Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэхийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас “Хотгор шанага” ХХК-ийн уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлын талаар тодруулав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Миний бие болон манай гэр бүл, ах дүүс Монгол Улсын өмч хувьчлалтай холбоотой, ард түмний өмчөөс нэг ч хөрөнгө аваагүй. Мөн уул уурхайн лиценз болон улсын төсвийн хөрөнгөөр баригдсан тендер, концессоос нэгийг ч авч байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Ч.Улаан нар санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хоригийг хүлээж авахыг дэмжихгүй гэв.
Үргэлжлүүлээд уг асуудлыг УИХ-аар хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар барилцаж авах дөхсөнөөс МАН-ын бүлгийн уур амьсгал хөшигний ард ямар байгааг харж болохоор байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар зарчим баримталж байгааг ойлгохгүй байна. Уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй хүнийг сайд болгохгүй гээд заримыг нь буцаачихдаг, гэр бүл, ах дүүгээрээ жинхэнээсээ тусгай зөвшөөрөл зарсан баримттай хүнийг зүтгүүлээд байдаг. Өнгөрсөн парламентын үед Дубайн гэрээг байгуулахад манай нам эсэргүүцэж, ажлын хэсэг байгуулан, “Рио тинто”-гийн эсрэг дүгнэлт гаргахад Ч.Хүрэлбаатар гарын үсэг зурахгүй зугтаасан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахаар намын Удирдах зөвлөл, бүлгийн шийдвэр гарчихаад байхад эсрэг санал өгсөн. Ийм хүнийг Сангийн сайдад зүтгүүлж байна. Багш нар энэ мөнгийг чинь авахгүй гээд байхад л 55 тэрбум төгрөг тараахаар өргөн барьж буй анхны төсөвтөө оруулж ирлээ. Бодлогын болон зарчмын ийм олон алдаа гаргасан хүнийг өмөөрөх үнэхээр хэцүү. 2020 онд сонгууль болно. Газрын наймаачин гэдэг шиг лицензийн наймаачин гэж ярьж эхэлнэ дээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ Засгийн газрын хамгийн эмзэг цэг боллоо шүү” хэмээн үг хэлж байтал Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чи хэн юм бэ. Муу казиночин дуугүй бай” гэсэн нь чуулганы танхимд томоохон хэрүүл эхлүүлэв.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Юу гээд солиороод байгаа юм бэ. Чи Монголын төрөөс хулгай хийгээгүй юм уу. Битгий солиороод байгаарай, чи” гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чи хэзээ ийм байсан юм бэ” гэж, хариуд нь “Өөрөө ч гэсэн новшроод л явж байсан биз дээ. Чи хаан юм уу, заан юм уу. Ерөнхий сайд болохоороо ийм том болчихдог юм уу. Н.Энхбаяраас том болжээ” гэхчилэн эзэнгүй хээр байгаа мэт хэрэлдэцгээлээ. Тэдний хэрүүлийг таслах гэж УИХ-ын дарга М.Энхболд хэрэндээ сандарч байгаа харагдсан.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн илэрхийлсэн онцлог байр суурийг товчлон хүргэе.
Д.ЭРДЭНЭБАТ (УИХ-ын гишүүн): -Та нар 65-уулаа шүү дээ. Хоригийг хүлээж авах, эсэхээ шийдээд яв л даа. Ерөнхийлөгчийн ганц хориг дээр хоорондоо талцчихаад шившгээ дэлгэж байна. Үүнийхээ бурууг бусад руу бүү чих. Бид яасан юм бэ, та нарыг хараад л сууж байгаа шүү дээ. Ганц хориг дээр З.Энхболдод дээрэлхүүлж байгаа бол та нарын хохь.
З.ЭНХБОЛД (Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга): -Хоригт 30 гэр бүл гэж бичсэнийг хүмүүс шүүмжилж байна. Нийт 3312 тусгай зөвшөөрөл байна. Хувь хүн лицензтэй байхыг 2006 онд хориглосон. Ж.Мөнхбат гишүүний асуугаад байгаа “Хотгор шанага” гэдэг компани хувьдаа зургаан тусгай зөвшөөрөлтэй. Үүнийгээ Солонгосын компанид гурав биш, 10 сая ам.доллароор худалдсан юм билээ. Байгалийн баялгаар бизнес хийдэг хүмүүсийг төрд байлгахыг болиулаач ээ.
Ч.ХҮРЭЛБААТАР (Сангийн сайд): -З.Энхболд гүтгэлгийн чанартай мэдээлэл хийж байна. Тусгай зөвшөөрөл зарна гэдэг ойлголт миний болон манай гэр бүлийн толгойд байхгүй. Та бүгд нягталж шалгаагүй худал мэдээллийг олон нийтэд хүргэхээ боль.
Ж.МӨНХБАТ (УИХ-ын гишүүн): -Ч.Хүрэлбаатар гишүүн ээ, та нэрээ татаж болохгүй юм уу. Танаас болоод манай намын нэр хүнд муухай харагдаад байна. “Хотгор шанага” гэдэг компанитай холбоотой аудитын дүгнэлтийг би хоёр хоногийн өмнө чуулганы танхимд ширээн дээрээ тавиад хулгайд алдсан. Гэхдээ надад нэг хувь нь байгаа. З.Энхболд дарга бол хуурамч баримт дэлгэдэг. Харин минийх үнэн баримт. Одоо та нэрээ татчих, юунд нь чичирдэг юм.
Х.НЯМБААТАР (УИХ-ын гишүүн): -Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламентын үед хэлэлцэхээс өөр аргагүй нөхцөл өдөр бүр тулгарч байна. 2018 оны улсын төсвийг хэлэлцэж дуусаад, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцвэл яасан юм бэ. Ерөнхийлөгчийн хориг нь тусгай зөвшөөрөл гэдэг ойлголтыг мангас болгож харагдуулж байна. Манай улс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулж, эдийн засгаа урагшлуулахаас өөр аргагүй.
Ц.НЯМДОРЖ (УИХ-ын гишүүн): -Би улстөрчийн хувьд шинэ Ерөнхийлөгч, парламент хоёрын харьцаа зөв эхлэх, эсэхийг ажиглаж байлаа. Өнөөдрийн энэ УИХ-ын байгаа байдалд би сэтгэл дундуур байна. УИХ-ын гишүүд нь хов, хор хоёрт хутгагдаад бие биеэ элдвээр хэлж байна. Японы тагнуул гэдэг шиг 30 гэр бүл гэсэн нэршил гарч ирлээ. Үүнийг ярьж байгаа хүмүүс өөрсдөө 30 гэр бүлийнхээ нэрийг гаргаж өг. Тэд биднийг хай гэж хэлж байх шиг байна. Бид хаанаас хайх вэ. Ерөнхийлөгч гурван сая ард түмний эв нэгдлийн баталгаа байна гэж намаасаа татгалзсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь өмнөх парламентын үед гаргаж байсан ааш аягаа гаргаж эхэллээ. Энэ хүн Ерөнхийлөгчийн хий гэснийг хийх ёстой. Өнөөдөр Монгол Улс Х.Баттулга гэж Ерөнхийлөгчтэй. Түүнээс гадна З.Энхболд гэж бас нэг Ерөнхийлөгчтэй болсон мэт харагдаж байна. Яг энэ Ерөнхийлөгчийн хажуудах хүмүүсийн ярьж байгааг харахад 2012-2016 оны АН-ын засаг барьж байсан үе шиг боллоо.
З.НАРАНТУЯА (УИХ-ын гишүүн): -Ерөнхийлөгчийн өргөн барьсан хориг нь байгалийн баялгийг ард түмэнд тэгш хуваарилах системийг яаж бий болгох вэ гэсэн агуулгатай. Харамсалтай нь, бид өнөөдөр агуулга биш, хэлбэр ярьсаар дуусгаж байна. УИХ баян, ядуугийн ялгааг арилгах, ажилгүйдэлтэй тэмцэх, ажлын байр бий болгох, байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бэлэн үү гэдгийг өнөөдөр иргэд харж авсан байх. Уул уурхайн баялгийн менежментэд садаа болдоггүй захиргааны удирдлага бий болгох ёстой гэж бодож байна. Хоригийг агуулга талаас нь хүлээж авч, саналаа өгөхийг хүсэж байна гэв.
Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.8 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.