
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр өглөө ээлжит хуралдаанаа хийсэн ч сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй. Тус хуралдаанаар БНСУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татаж, орных нь хүнийг томилох саналыг хэлэлцсэн бололтой.
Харин үдээс хойш МАНын их хурал зохион байгуулах ажлын хэсэг Төрийн ордноо хуралдлаа. Энэ сарын 20-нд эхлэх их хуралтай холбоотой асуудлуудыг хэлэлцэх тус хуралдаанд МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй удирдлагууд нь оролцов. Тус намын их хуралд нийт 1309 төлөөлөгч оролцох бөгөөд тэдний олонхын саналаар шинэ даргаа сонгоно. Бидэнд олдсон мэдээллээр МАН-ын даргад УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа “32-ын бүлэг”-ээс өрсөлдөхөөр болсон сурагтай. Д.Хаянхярваатай Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар өрсөлдөх нь одоогоор тодорхой болж байх шиг. Мөн ерөнхий нарийн бичгийн даргаа шинээр сонгох бөгөөд У.Хүрэлсүх намын дарга болж чадвал Д.Амарбаясгаланг улираан ажиллуулах магадлалтай талаар эх сурвалж мэдээлсэн юм.