
УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь өчигдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Феррийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Манай улсын томоохон хөрөнгө оруулагчдын нэг Европын холбоо Төлөөлөгчийн газраа нээгээд удаагүй байна. Далайд гарцгүй Монгол Улс олон хамтрагчтай болж, харилцаагаа тэлэхийг чухалчилдаг” гээд хэргийг түр хамаарагч Марко Феррид ажлын амжилт хүслээ.
Тэрбээр “Манай улсын экспортын бараа бүтээгдэхүүний тоо цөөн, нэр төрөл хязгаарлагдмал учраас Европын холбооноос олгож ирсэн тодорхой нэр, төрлийн барааг гаалийн татваргүйгээр гаргах боломжийг бид хангалттай ашиглаж чадахгүй байгаа. Тиймээс Европын холбооны улсуудаас Монголд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих асуудлыг анхааралдаа авч ажиллана уу” хэмээв. Мөн Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахын тулд евро стандартыг нутагшуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.
Тус холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Ферри дээрх хүсэлтийг хүлээн авч, хамтарч ажиллахаа илэрхийлэв.