Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөшигийн хөндийд дахин манан татаж, зорчигчдыг чирэгдүүлэв

Хөшигийн хөндийд өчигдөр дахин манан татаж, Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зорчигчдыг нэлээд бухимдуулав. Тодруулбал, уг чиглэлийн онгоц өчигдөр 06.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах ёстой байжээ. Гэсэн ч “Чингис хаан” нисэх буудал орчимд өтгөн манан бууснаас МИАТ компанийн дээр дурдсан чиглэлийн онгоцыг гэнэт “Буянт-Ухаа”-д газардуулахаар болсон гэнэ. Тухайн онгоц 254 зорчигчтой байсан бөгөөд тэдний зарим нь зорчигчдыг нэлээд чирэгдүүлсэн талаар шүүмжилжээ.

Манан бууснаас болж агаарын хөлгийг “Буянт-Ухаа”-д газардуулсан анхны тохиолдол нь энэ биш. Үүнээс долоо хоногийн өмнө буюу өнгөрсөн сарын 27-нд Хөшигийн хөндий мөн л битүү мананд автаж, онгоц газардах нь байтугай дэргэдэх хүн ч харагдахгүй шахам болсон гэж иргэд ярьж байв. Эл шалтгааны улмаас дотоодын болон олон улсын зарим агаарын хөлгийг “Буянт-Ухаа”-д буулгасан. Мөн бусад нислэгийг цуцалсан юм. Ингэхдээ гадаадаас ирсэн зорчигчдыг хил нэвтрүүлэх гэж багагүй хугацаанд онгоцонд нь саатуулсанд иргэд ихэд бухимдсан билээ.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулаад нэг жил болж буй. Гэсэн ч уг шинэ нисэх буудалтай холбоотой шүүмжлэл тасрахгүй байна. “Нисэх буудал нь шинэ ч үйлчилгээ нь хуучнаараа. Ажилтнууд нь соёлгүй, зохион байгуулалтгүй. Ийм байж яаж жуулчдыг татах вэ”, “Такси нь тэнгэрт хадсан үнэтэй” гэх мэтийн асуудал нисэх буудлыг ашиглалтад оруулснаас хойш л яригдсан. Эдгээрийг өдгөө ч бүрэн шийдвэрлээгүй. Гэтэл бүр онгоцнууд нь “Чингис хаан”-даа буухад хүндрэлтэй болжээ. “Зээлээр барьсан буудал нь манангаар хөшиг татдаг газар байрладаг. Нэр нь хүртэл Хөшигийн хөндий” хэмээж иргэд шүүмжилж байгаа юм. Хөшигийн хөндийд манан их буудаг талаарх яриа өмнө нь ч гарч байсан. Нисэх буудлыг ашиглалтад оруулаагүй, туршилтын нислэг хийж байхад ч манан татаж байсан удаатай. Хэдий тийм боловч нисэх буудлыг нэгэнт барьчихсан, бас байгалийн үзэгдлийг “барьж” болохгүй учраас асуудлыг холбогдох албаныхан шуурхай, төвөг чирэгдэлгүйгээр шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэйг олон нийтийн сүлжээнд цөөнгүй иргэн хөнджээ. Тухайлбал, жилийн аль үед, яг хэдий хугацаанд манантай байх магадлалтайг судлан тооцоолон, олон нийтэд мэдээлж, болзошгүй асуудал тулгарахад бэлтгэлтэй байхыг сануулахыг иргэд холбогдох албаныханд зөвлөж байна.

Харин албаныхан уламжлал ёсоор өөрсдийгөө өмөөрч, тэр байтугай бараг гавьяа байгуулсан мэтээр “Буянт-Ухаа”-г нөөц нисэх буудлаар ажиллуулж байгаа. Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны тогтоолоор ийм шийдвэр гаргасан. Уг тогтоолын хэрэгжилтийг ханган, “Буянт-Ухаа”-г нөөц нисэх буудал болгосноор зөвхөн нислэгийн зардалд 70 000 ам.доллар хэмнэж байна. Өмнө нь нөөц буудалгүй байх үед Сөүл рүү эргэн нисэхэд МИАТ компани хоёр талдаа долоон цаг орчмын нислэг үйлдэж, зөвхөн нислэгийн зардалд дээрх хэмжээний хөрөнгө зарцуулдаг байсан” хэмээв. Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газраас “Цаг агаарын болон техникийн хязгаарлалтын улмаас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд агаарын хөлөг газардах боломжгүй үед “Буянт-Ухаа”-д буулгаж байгаа. Байгалийн онцгой үзэгдлийн үед агаарын хөлгийн нисэх баг нь хөөрөх, буух зурвас дээрх алсын барааны харагдац, салхины чиглэл гэх мэт олон хүчин зүйлийг харгалзан шийдвэр гаргадаг. Нөөц нисэх буудалгүй байхад агаарын хөлөг ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Бээжин, Хөх хот болон БНСУ-ын Сөүл рүү нисэх нөхцөл байдал үүсдэг байсан. Одоо цаг үеийн байдлаас шалтгаалан хоёр хөрш улсын нөөц нисэх буудалд очиж газардах боломжгүй байгаа. “Буянт-Ухаа”-г нөөц нисэх буудлаар ашиглахгүй тохиолдолд БНСУ-ын Сөүл хот руу нисэж, Инчонд буухаас өөр аргагүй байв” гэcэн юм. Иргэдийг чирэгдүүлж, цаг завыг нь үрснийхээ төлөө уучлал гуйх нь битгий хэл харин ч “Буянт-Ухаа”-д буулгасан нь сайн хэрэг гэж өөрсдийгөө өмөөрч байгааг юу гэж ойлгох вэ.

Бэлтгэсэн М.Оч