Муж улсын болон хот, дүүргийн иргэдийн төлөөллийн байгууллага төсөв боловсруулах, батлахдаа олон нийтийн оролцоог хэрхэн хангадаг, хэвлэл мэдээллээр дамжуулан иргэний мэдэх эрхийг яаж хэрэгжүүлдэг талаар Германы Ландтаг (муж улсын парламент)-ийн гишүүн Хрис Шуленбургтэй ярилцлаа. Христийн ардчилсан холбоо намаас Саксен-Анхальт мужийн парламентад хэдэнтээ сонгогдон ажиллаж буй тэрбээр Холбооны болон Европын асуудал, хэвлэл мэдээлэл, соёлын хорооны гишүүн, Европын зөвлөлийн Орон нутгийн болон бүс нутгийн эрх баригчдын конгрессын гишүүний алба хашдаг. Мөн парламент дахь намын бүлгийнхээ Европын бодлогын хэвлэлийн төлөөлөгчөөр ажилладаг Хрис Шуленбург “Олон нийтийн эрх зүйн телевиз, радиод итгэх итгэлийг ил тод байдал, шинэчлэлээр бэхжүүлэх нь” сэдэвт судалгааны комиссын дарга бөгөөд Монголд хоёр дахь удаагаа ирж буй юм.
-Тантай бид төсвийн зарцуулалт, гүйцэтгэл, хяналтад иргэд, олон нийтийн оролцоог хэрхэн хангадаг талаар голлон ярилцах хүсэлтэй байна. Танай Саксен-Анхальт мужийн парламент төсвөө боловсруулах, батлахдаа юунд голлон анхаардаг вэ?
-Манай Саксен-Анхальт муж улс бол 2.1 сая хүн амтай. Бид муж улсынхаа 2026, 2027 оны төсвийг парламентаараа хэлэлцэж баталсан байгаа. Өөрөөр хэлбэл, төсвөө бид хоёр жилийн хугацаатай баталдаг гэсэн үг. Энэ нь юу юунаас бүрддэг вэ гэхээр татвар төлөгчдийн мөнгө, Холбооны улс буюу Германы 16 муж улсын нэгдсэн институц болон Европын холбооноос хуваарилсан эх үүсвэрүүд, мөн муж улсаас орж ирэх төсөв гэсэн бүрдэл хэсэгтэй байдаг. Сүүлийн үед дэлхийн олон улсад инфляц маш өндөр байгаа. Манайд ч ялгаагүй. Манай улсын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсон. Тиймээс бодлого боловсруулагчид, хууль тогтоогчдын зүгээс төлөвлөсөн ажлаа хийхийн тулд, тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулахын төлөө зээл тавьж санхүүжүүлэхийг урьтал болгодоггүй. Инфляц өндөр байгаа тохиолдолд зээлийн эх үүсвэр гэдэг эргээд маш том эрсдэл дагуулах учраас парламентын хувьд төсвийн хөрөнгө оруулалтуудад илүү няхуур хандах шаардлагатай. Хэдийгээр манайх үйлдвэрлэл, технологи хөгжсөн том эдийн засагтай орон гэгддэг ч тэдгээр аж ахуйн нэгжүүддээ өндөр татвар ногдуулж, дарамт үүсгэж болохгүй. Татварын орлогоо нэмнэ гээд үйлдвэрүүддээ нэрмээс болбол эдийн засаг бүр хүнд байдалд орно.
-Төсөв гэдэг бол татвар төлөгчдийн мөнгө учраас хаана, юунд хэдий хэмжээний хөрөнгө төсөвлөснийг иргэд мэдэх эрхтэй. Тиймээс иргэдийн оролцоотой төсөвлөлт гэдэг ойлголт олон улсад түгээмэл. Танай муж улсын хувьд төсвийн төсөл боловсруулах үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог хэрхэн хангадаг вэ?
-Төсвийн төлөвлөлт хамгийн чухал нь. Их, бага гэлтгүй хөрөнгө оруулалтуудыг нэг бүрчлэн маш тодорхой тусгаж өгдөг. Зориулалтын бус зарцуулалт байх ёсгүй л гэсэн үг. Дүүрэгт нэг зам засах, эсвэл нэг хотод эмнэлгийн өргөтгөл хийх шаардлагатай байлаа гэхэд зураг төсөл, судалгаа, тооцоо, төсөв санхүү, гүйцэтгэх компани, хугацаа, хийх ажлын даалгавар гээд бүх зүйл нь тодорхой байх ёстой. Хуулийн дагуу яамдууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу төлөвлөлтөө эхлээд маш нарийн гаргадаг. Ингээд муж улсууд өөрсдийн харьяаллын аудитын газруудаар төсвийн төслөө сайтар хянуулдаг. Дараа нь Холбооны нэгдсэн аудитын газраар хянуулж, муж улс бүрээр хариуцсан салбар болгоноор нь дахин нягталж шалгадаг. Мөн парламентын дэргэдэх болон муж улсуудын мэргэжлийн нийгэмлэгүүдийн холбоод, салбар салбарын чиглэлээрх байнгын хороодууд төсвийн хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулдаг. Энэ хэлэлцүүлгийн протоколууд олон нийтэд ил тод, нээлттэй тавигддаг. Төсвийн хяналтын энэ бүх үе шатууд өөр хоорондоо харилцан хамааралтай байж засаглалын уялдаа холбоог сайтар хангадаг.
Мэдээж төсвийн төсөл ч нээлттэй байдаг. Мөн “Иргэдийн мэдээлэл тодруулах цаг” гэж тогтмол гаргаж өгдөг. Эндээс иргэд төсвийн тухай сонирхсон мэдээллээ авах боломжтой. Тухайн салбарынхаа төсвийг хариуцаж байгаа яам, тамгын газрууд иргэдийн асуулгад бичгээр заавал хариулах үүрэг хүлээдэг. Бас нэг чухал алхам бол төсөв, татвар зэрэг аливаа шийдвэр гаргах үйл явцад Иргэдийн зөвлөлийг татан оролцуулж, саналыг нь тусгадаг. Тухайн хот, дүүрэг, муж улсын төрийн байгууллагууд Иргэдийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах үүрэгтэй байдаг. Иргэдийн зөвлөлөөс гарсан саналыг олон талаас нь судалж, хэлэлцээд зөвлөлдсөний үндсэн дээр эцсийн шийдвэрийг хотын зөвлөл гаргадаг. Ингэж олон нийтийн саналыг сонссоноор иргэд өөрсдийгөө орхигдсон мэт мэдрэмжтэй үлдэх биш, шийдвэр гаргах үйл явцад оролцож байгаа, хамтарч хийсэн шүү гэдэг сэтгэл ханамжтай байдаг. Оролцоо нь ч илт нэмэгддэг. Жишээ нь, салхины эрчим хүчээс олж байгаа татварыг Иргэдийн зөвлөлтэйгөө хамтарч зөвлөлдөөд юунд зарцуулах вэ гэдгийг шийдэх боломжтой.
-Саяхан манай нийслэлийн ИТХ 2026 төсвөө дахин тодотгож, их хэмжээгээр нэмэгдүүлсэн. Трамвай, метро, хурдны зам гэх мэтчилэн том төслүүдэд их хэмжээний мөнгө төсөвлөсөн тодотгол байгааг сэтгүүлчид, иргэд, сонгогчид шүүмжилдэг ч сонсдоггүй. Нэг удаагийн шинжтэй торгууль, хүүгийн орлого, татвар болон татварын бус орлогыг хэт өндрөөр тооцоолсон байгаа нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулна гэдгийг сөрөг хүчний төлөөлөгчид нь ч шүүмжилж буй. Та үүн дээр ямар санал хэлэх вэ?
-Юуны түрүүнд мэдээж ийм том төслүүд дээр маш нарийн төлөвлөлт, тооцоо судалгаа, төлөвлөгөө хэрэгтэй байдаг. Би Улаанбаатар хотод хоёр дахиа ирж байна. Улаанбаатарыг харахаар газар дээрх боломжит бүхий л зам талбайгаа тултал ашигласан болохоор одоо тунелиэ ашиглая гэдэг өөр шийдэл бодох нь зүйн хэрэг. Хэдийгээр хамгийн хүйтэн хот гэгддэг ч Улаанбаатар шиг олон газарт метрог нэвтрүүлсэн уч раас туршлага, сайн жишгүүд байна. Гол нь бү тээн байгуулалтаас гадна хөрөнгө оруулалтын өгөөж, зардал, ашиглалтын менежментээ ч тодорхой төлөвлөх нь зүйтэй болов уу. Метро ашиглалтад орсны дараа хотын иргэдийн байнгын үйлчлүүлэх сэдлийг татахын тулд сар, улирал, жилийн хөнгөлөлттэй тасалбар гаргадаг ч юм уу, иймэрхүү хэлбэрүүд байж болно. Төр юуг нь хариуцаж, хувийн хэвшил алийг нь хийх вэ гэдгээ анхнаасаа тодорхой болгоод, төлөвлөөд явбал үр дүнтэй байдаг. Жишээ нь, Германд одоо “Флекс” гээд хувийн компани өөрсдийнхөө автобусаар хот хооронд үйлчилгээнд явдаг. Авто зам нь улсынх, үйлчилгээ нь хувийнх гэх мэтийн менежментийн хувилбар бий.
-Төрийн бодлого шийдвэрт олон нийтийн хяналтыг сайжруулахын тулд хэвлэл мэдээллийнхний үүрэг оролцоо чухал. Сүүлийн жилүүдэд манайд төрийн байгууллагууд дэргэдээ нүсэр том бүтэц, төсөв санхүүтэй хэвлэлийн албадтай болсон. Тэд мэдээллийг зөвхөн өөрсдийн өнцгөөр бэлтгэж, хэвлэлийнхэнд түгээдэг нь нэг талаасаа цензур тогтоож буй хэрэг гэж болно. Германд мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх тал дээр төрийн албаны хэвлэл мэдээллийнхэн яаж ажилладаг вэ?
-Иргэдийг мэдээллээр хангах тусгай хууль манайд хэрэгжиж байгаа. Энэ хуулийн дагуу төрийн албан хаагч болоод төрийн институцүүд иргэд олон нийтийн мэдэхийг хүссэн асуултад заавал хариу өгөх үүрэгтэй. Мөн тухайн хариулт нь хэр зэрэг бодитой мэдээлэл агуулсан байна, оновчтой байж чадсан уу гэдэгт ч ач холбогдол өгдөг. Жишээ нь, Ландтагийн гишүүний хувьд би иргэд сонгогчдоо төлөөлж муж улсынхаа Засгийн газар луу тодорхой асуулт тавих, эсвэл мэдээлэл авах хүсэлт гаргалаа гэж бодъё. Тэд миний асуултад цаг хугацаанд нь хариу ирүүлээгүй, эсвэл хангалттай мэдээлэл өгөөгүй тохиолдолд би энэ асуудлаар шүүхэд хандах эрхтэй байдаг. Төрийн бүх институцийн хэвлэлийн албанд 2-3 хүн л ажилладаг.
-Та бол төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийнхний талаар аль алинд нь тодорхой туршлагатай хүн. Таныхаар сэтгүүл зүй, пиар хоёрын зааг, ялгааг хэрхэн тогтоовол зохистой вэ?
-Хуурамч мэдээ мэдээлэл гэдэг бол өдгөө олон улсад маш том асуудал болчихсон. Дэлхий нийтээр хэвлэл мэдээлэлд итгэх иргэд, олон нийтийн итгэл жилээс жилд буурсаар байгааг олон судалгаа харуулдаг. Үүнийг тийм амархан өөрчлөх боломжгүй байх. Иргэд, олон нийтийн боловсролын түвшин хэр байгаатай ч холбогдох зүйл. Германд яг “Олон нийтийн радио, телевиз” гэсэн статустайгаар үйл ажиллагаа явуулдаг нийт 20 телевиз, 60 радио байгаа. Олон нийтийн радио, телевизийн гол үүрэг нь иргэдэд улс төр, урлагийн боловсрол олгох явдал юм. Арилжааны сувгууд заавал тийм үүрэг хүлээдэггүй. Одоо манайд олон нийтийн дунд хурц шүүмжлэл өрнөж буй нэг асуудал нь Олон нийтийн радио, телевизийн төлбөрийн нэмэгдэл. Германы татвар төлөгчдийн зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд төлдөг мөнгө нь нэмэгдэж, 18.71 евро болох гэж буйг иргэд ихээхэн шүүмжилж байгаа. Учир нь зарим олон нийтийн телевизийн захирал жилд 400 мянган евро буюу Германы Канцлерынхаас ч өндөр цалин өөртөө бодуулж авсан байсан нь иргэдийн дургүйцлийг төрүүлэх болсон. Манай муж улсын парламентын дэргэд 2023 онд Олон нийтийн радио, телевизийн зөвлөл гэж байгуулагдсан. Салбар салбарын мэргэжлийн холбоод, нийгэмлэгүүдийн төлөөллөөс бүрдсэн 50 гишүүнтэй уг зөвлөл нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх гол зорилготой.
Өнөөгийн нөхцөлд хамгийн их асуудал дагуулж буй бас өөр нэг зүйл бол хиймэл оюун, технологи дагасан сөрөг үзэгдлүүд байна. Үүнтэй холбоотой Герман даяар сүүлд нэг шийдвэрт хүрсэн нь төрийн зүгээс фэйсбүүк, Х, инстаграм, тик ток зэрэг нийгмийн сүлжээний нөлөө бүхий бүхий платформтой албан ёсоор хамтарч ажиллах шаардлагатай юм байна гэдэг шийдэл. Хэрэв тэд бидэнтэй хамтарч ажиллахгүй бол төрийн зүгээс ямар нэг байдлаар зохицуулалтыг өөрсдөө хийж, шаардлагатай үед торгууль ногдуулах зэргээр арга хэмжээ авахаас өөр аргагүй байна. Мэдээж энэ платформууд төртэй хамтарч ажиллах сонирхол маш бага байх нь ойлгомжтой. Гэхдээ хуурамч болон зорилготой мэдээллүү дийг тодорхойлох, хязгаарлах тал дээр зайлшгүй хамтрах шаардлага бий. Тиймээс хүүхэд, өсвөр үеийнхнийг нийгмийн сүлжээний сөрөг нөлөөнөөс сэргийлэх, аливаа хэлбэрийн дарамт, хүчирхийллээс хамгаалах үүднээс манай Христийн ардчилсан холбоо намаас энэ талын хууль санаачилж, Бундестагаар сүүлд батлуулсан. 15аас доош насны хүүхдүүдийг ямар нэг сошиал медиа хэрэглэхгүй, янз бүрийн аккаунт нээхгүй байх талын зохицуулалтыг энэ хуулиар баталгаажуулж өгсөн нь маш чухал ач холбогдолтой гэж боддог.
-Нийслэлийн ИТХ төсөв батлахдаа хотын автомашины татварыг гурав дахин, автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн байсныг манай Улаанбаатарын иргэд хожим нь мэдсэн удаатай. Үүнийг эсэргүүцсэн 33 мянга гаруй хүний гарын үсэгтэй өргөдөл парламентад очоод таг гацсан байдалтай байгаа. Ийм тохиолдолд Та бүхэн иргэдийн өргөдлийг хэрхэн шийддэг вэ?
-Ямар нэгэн шийдвэр төр засгаас гарч байгаа бол тодорхой шат дараалал, шалгуур үзүүлэлт, бэлтгэл хангах ажил, үйл явцтай байх ёстой. Энэ бол тогтсон зарчим. Манай парламент иргэд, олон нийтийн санал, хүсэлтийг сонсох, тэдний эрх ашгийг хангах үүднээс Өргөдөл, гомдлын хороотой. Төрийн бодлого, шийдвэр, мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй хүргэх үе шат болгонд энэ хорооны үүрэг, оролцоо их. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд ямар нэг байдлаар заавал хариу өгөх ёстой. Дээр хэлсэнчлэн хуулиар хүлээсэн үүрэгтэй гэсэн үг.
-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.
Л.Ганчимэг