
Монгол Улсын Ерөнхий сайдын албаа өгөөд удаагүй байгаа Ч.Сайханбилэг АТГ-т мэдүүлэг өгчээ. Гэхдээ түүнийг ямар нэг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татсан бус, гэрчийн мэдүүлэг авсан гэх мэдээллийг прокурорын байгууллагын эх сурвалжууд хэлсэн юм. Чухам ямар хэрэгт түүнээс тайлбар авах шаардлага гарсан болохыг албаныхан нууцалж байна.
Зарим хүн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалтай холбоотойгоор мэдүүлэг авсан байх хэмээн таамаглаж байсан ч цагдаагийн байгууллага, АТГ-т тус үйлдвэрийн хувьчлалыг шалгаж эхлээгүй юм. Харин нийслэлийн Прокурорын газрынхан “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс Хөгжлийн банктай холбоотой хэрэгт гэрчээр тайлбар авсан.
Тус банкныхан, энэ хэрэгт татагдаад байгаа улстөрч, зарим эрх бүхий албан тушаалтнууд Засгийн тогтоолд өөрчлөлт оруулан хөрөнгө завшсан үйлдэл илрээд байгааг та нар уншигчдад хүргэж байсан шүү дээ. Тэр асуудалтай холбоотойгоор тухайн үеийн Засгийн газрын тэргүүнээс тайлбар авсан юм” гэлээ.