
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг тохиолдуулан төр, засгийн удирдлагууд өчигдөр хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Уг ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ болон Засгийн газрын гишүүд, хотын удирдлагууд, МАН-ын гишүүд болон иргэдийн төлөөлөл оролцов. Эрх барих болсон Ардын намынхан энэ жил уугуул нэрээ сэргээсэн төв талбайд дарга, цэрэггүй цуглажээ. Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүлсэн нь ч сүр нэмэх аж.
Д.Сүхбаатар жанжны мэндэлсний ойг тохиолдуун дуучин Т.Дэлгэрмөрөн тэргүүтэй 124 залуу МАН-д элсэж, гишүүний үнэмлэхээ гардан авах арга хэмжээ ч энэ өдөр боллоо. Уг ёслолд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, С.Төмөр-Очир, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Даш-Ёндон тэргүүтэй хүн оролцсон юм.

Дуучин Т.Дэлгэрмөрөн МАН-ын гишүүн болчихоод “МАН бол үеийн үед залуучуудын дуу хоолойг сонсож ирсэн. 1990 оны шинэчлэлийг эхлүүлсэн залуучуудын үгийг Ж.Батмөнх гуай сонсож, төрийн эрхийг тэдний гарт атгуулсныг бид мэднэ. Залуучуудын дуу хоолой, нэгэн үеийн түүчээ болж, МАН-д хүчээ өгөх гэж ирсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг, иргэний үүрэг” хэмээж байсан юм.
Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар жанжин Д.Сүхбаатар, Маршал Х.Чойбалсан нарын төрөл төрөгсдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Монголын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн олон агуу хүн бий. Монгол Улсын тусгаар тогтнолыг авч үлдсэн хүмүүс бол та нарын өвөг дээдэс болох энэ эрхмүүд юм. МАН энэ хоёр эрхэм хүнийхээ үүх түүх, гавьяа зүтгэлийг залуу хойч үеийнхэнд мөнхлөн үлдээхийн тулд тодорхой ажил зохион байгуулж байна. Ямар ч үед түүх үнэнээрээ үлдэх ёстой” хэмээн онцолсон.

Уулзалтын үеэр Д.Сүхбаатар жанжны зээнцэр Ц.Хүрэлсүх “Манай өвөөгийн 124 жилийн ой тохиож байна. Жанжин Д.Сүхбаатар бол Монголын суут хүү, цэргийн гарамгай жанжин, Монгол Улсын тусгаар тогтнол, эх орныхоо төлөө амь насаа хайргүй зориулсан хүн” гэв. Түүний хэлснээр Сүхбаатар, Төв аймгийн зарим суманд жанжны төрөл төрөгсөд болох 300 гаруй хүн амьдардаг аж.
Мөн Маршал Х.Чойбалсангийн зээ Ч.Халиун “Бидний эрх чөлөө, тусгаар тогтнолыг цогцлоосон энэ хоёр хүн хоёрдугаар сард мэндэлсэн байдаг. Жанжин Д.Сүхбаатар хоёрдугаар сарын 2, манай өвөө 8-нд мэндэлсэн. “Ирээдүйгээ мэдье гэвэл өнгөрснөө сайн судал” гэсэн үг байдаг. Иймд эдгээр түүхэн хүнээ дурсаж, үр хүүхдийг нь хүлээн авч уулзаж буйд бид баяртай байна” гэж байлаа.

Мөн Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатар 52 дахь жилдээ зургийн үзэсгэлэнгээ дэлгэсэн. Тус үзэсгэлэнгийн нээлтэд ч МАН-ын удирдлагууд оролцож, талархал илэрхийлсэн бөгөөд О.Баатар судлаачийг намын дээд шагнал “Тусгаар тогтнол” одонгоор шагнав. Тэрбээр анх 1966 онд Д.Сүхбаатар жанжны үйл хэргийг сурталчлахаар нийслэлийн II сургуульд ханын сонин гаргаж байжээ.
Өдгөө түүний сан хөмрөг Д.Сүхбаатар, Н.Янжмаа, Х.Чойбалсан, Ардын хувьсгалын “анхны долоо”-гийн түүхэн гэрэл зургууд, одон тэмдэг, медаль, цээж баримал зэрэг 500 гаруй үзмэртэй болсон гэнэ. Тэрбээр “Үзэсгэлэнгээ энэ жил сүүлийн удаа гаргаж байна. Цуглуулсан бүтээлээ гэртээ хадгалж байгаа. Цуглуулгыг маань Ардын нам хүлээж аваасай гэж бодож байна” гэж байсан юм.
Үүнээс гадна Үндэсний түүхийн музейд “Тусгаар тогтнолын төлөө мөнхийн үйлс” үзэсгэлэнг нээлээ. Жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан дээл, хувцас, одон тэмдэг, бичгийн хэрэгсэл, зэр зэвсэг болон нэрт уран бүтээлчдийн туурвисан уран зураг, баримал зэргээс эхлээд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 160 гаруй төрлийн үзмэр, хэрэглэгдэхүүн багтжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, жанжин Д.Сүхбаатарын гуч охин Д.Сүхжаргалмаа нар оролцлоо.