
Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа болохыг Гадаад харилцааны яамнаас мэдэгдсэн. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын Байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор өнгөрөгч долоо хоногт дээрх дуулиан дахин дэгдэв.
Үүнийг Гадаад харилцааны сайд болон Гадаадын иргэн харьяатын газрын удирдлага дахин үгүйсгэж байна. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “БНХАУ-ын 10-20 хүн нэг дор орж ирэх болбол материалыг нь урьдчилж аваад, виз олгодог болох талаар яриад байгаа юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд визний асуудлыг яаж хөнгөвчилж болох талаар судлах үүргийг Засгийн газраас өгсөн. Уг судалгааг Гадаад харилцааны болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хийж байгаа. Д.Оюунхорол сайд андуураад “Бүлэг жуулчлалын асуудлыг визгүй болгоно” гэж хэлсэн. БНХАУ-ын иргэдийг визгүй болгох асуудал байхгүй” гэжээ.