
Эмэгтэй хүний эрхэм, дээд биелэл болсон ээжүүдэд эрхийг нь хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан төр, засгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүдийн санаачилгаар зохион байгуулсан “Сайхан монгол ээж” 1000 ээжийн баярын арга хэмжээнд урилгаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар оролцон, үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Төрийн ордны Их танхимыг 21 аймаг, нийгмийн салбар, ажил, мэргэжлийн төлөөлөл болсон ээжүүд дүүргэсэн байв.


УИХ-ын дарга М.Энхболд арга хэмжээг нээж, үг хэлэхдээ, Монгол Улс өнөөгийн хөгжилтэй золгоход эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр өндөр болохыг онцлоод, “2016 оны байдлаар төрийн албанд ажиллагсдын 59.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ нь төр түшиж буй эмэгтэйчүүд эрчүүдээс илүү байна гэсэн үг. Харамсалтай нь, тэдний дундаж цалин эрчүүдийнхээс 10 гаруй хувиар доогуур байна” гэж тодотгосон.

Дэлхийн хүн амын ажлын цагийн гуравны хоёрыг эмэгтэйчүүдэд ногдож буй ч нийт орлогын арван хувийг л тэд хүртдэг тухай судалгааг ч тэрбээр дурдав. Тиймээс “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтод жендэрийн тэгш байдлыг хангах, ажлын үр шимийг адил тэгш хүртэх боломжийг хангах, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалан, ажил байдлыг сайжруулах нь Монголын төдийгүй дэлхий нийтийн зорилго болж байна.
Улмаар эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ядуурлаас ангижрах, эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн хамгааллын асуудлыг эрх зүйн хувьд оновчтой болгох олон арга хэмжээг Монголын төр, засгаас авсаар байна” гээд УИХ, Засгийн газраас энэ чиглэлд хийж, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч дурдсан юм.