
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмж, тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага тулгараад буй. Уг шаардлагыг биелүүлэхийн тулд ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотгол хэлэлцэнэ гэсэн хүлээлт Сар шинийн өмнөөс эхэлсэн. Сангийн яам ч 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөө боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн тухайгаа мэдэгдээд буй.
Харин МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн мягмар гаригт хуралдахдаа ээлжит бус чуулган зарлахгүй байх шийдвэрт хүрсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулсан сэтгүүлчдийн асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Төсвийн тодотголыг хэлэлцэхийн тулд заавал ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй. Хаврын чуулганаар хэлэлцэх боломжтой” гэсэн хариулт өгөв.
Хаврын чуулган ирэх сарын 5-ны лхагва гаригт эхэлнэ. Харин ОУВС-гийнхан тавьсан нөхцөлийг нь биелүүлэх эцсийн хугацаа нь энэ сарын 31 юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, ОУВС-гийн тавьсан нөхцөлийг хүлээн зөвшөөрч, биелүүлснээр наанадаж Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын рейтинг унах, цаашилбал УИХ-ын сонгуулийн амлалтуудаа биелүүлж чадахгүй 2020 оны сонгуультай золгох гэх мэт эрсдэл хүлээж буй учраас эрх баригчид энэ асуудлыг УИХ-аас яаран хэлэлцэхээс цааргалж, төсвийн тодотголоо эргэн харахыг Засгийн газарт санал болгосон гэнэ. Засгийн газар ОУВС-тай тохиролцсон ч, УИХ-тай тохирч чадахгүй байгаа бололтой.