
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал өчигдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Шинээр томилогдон ирээд буй Элчин сайд Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй анх удаа уулзаж, сонирхсон асуултад нь хариулсан юм. Элчин сайд М.Ахмет Язал 1992 онд Гадаад хэргийн яамнаас ажлын гараагаа эхлүүлж, дипломат албанд зүтгэсэн нийт хугацааныхаа тэн хагасыг Балканы орнуудтай харилцах чиглэлд зориулжээ.
Монголд ирэхээсээ өмнө Ирак, Туркийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлд ажиллаж байсан аж. Тэрбээр “Танай сайхан оронд хөл тавих хүртэл би Монголтой холбоотой ямар ч асуудлаар ажиллаж байгаагүй. Энэ нь сул тал байж болох ч давуу тал болж ч мэдэх юм. Монгол Улсын талаар ямар нэг урьдчилсан дүгнэлт, сэтгэгдэлгүйгээр ажлаа эхлүүлж буйгаа давуу тал гэж бодож байна” гэж байсан юм.
Элчин сайд хоёр орны ард түмний болоод улс төрийн харилцаа улам бүр ойртон нягтарч буй ч эдийн засаг, худалдааны салбарт чамлалттай зүйл олон байгааг тэмдэглээд, “Эдийн засгийн төгс харилцаа бий болохгүй байгаа нь хоёр тал энэ чиглэлд хүсэл, сонирхолгүй гэсэн үг биш юм. Эдийн засгийн харилцааг сайжруулах анхны алхам хийхэд түвэгтэй зүйл бий” гээд Монгол, Туркийн эдийн засаг, худалдааны салбарын харилцааг “Замд гараагүй байгаа машин” хэмээн тодорхойлов.
Ингэхдээ ноён Элчин сайд иргэний агаарын тээврийн үйлчилгээ (“Turkish airlines”) нэвтрүүлэх үйл ажиллагаа чамлалттай байгаа тухай хэдэнтээ онцолно лээ. Тухайлбал, “Манай иргэний агаарын тээврийн үндэсний компани Монголд шууд нислэг үйлдэж байгаа гэхэд хэцүү. Өндөр багтаамжтай онгоцоор шууд нислэг хийсэн тохиолдолд энэ хоёр орны хоорондох бараа эргэлт сайжирна.
Энэ чиглэлд хийж буй хэлэлцээрийн хүрээнд олон асуудал ярьж буй ч харилцан ашигтай байх нь л чухал юм” гэж байлаа. Туркийн зүгээс манай улсыг хөрөнгө оруулах нэг гарц төдийгүй ОХУ, БНХАУ буюу гуравдагч зах зээл рүү гарах суваг гэж харж буйгаа ч илэрхийлэв. Тиймээс энэ зун хөрөнгө оруулагчдынхаа төлөөллийг айлчлуулахаар бэлтгэл базааж буй гэнэ.
Тус улсын Гадаад хэргийн сайдын 2015 онд хийсэн айлчлалын үеэр ярьсан малын гаралтай түүхий эд импортлох, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг ажил удааширч буй тухайд, “Та бүхэн Туркийн дотоод нөхцөл байдлын талаар эргэцүүлээд үзээрэй. Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон оролдлоготой нүүр тулсан хүнд цаг үеийг бид тууллаа. Үүнтэй холбоотойгоор улс орны аюулгүй байдлын асуудлаа нэгдүгээрт тавьж, худалдаа, эдийн засгийн харилцаагаа хойшлуулсан байж магадгүй” гэх тайлбар хийсэн.
Мөн энэ оноос Монгол дахь Турк сургуулийн төгсөгчдийг тус улсад хувийн болон улсын зардлаар суралцахыг хориглохоор болж буй юм байна. Гэхдээ 2017 оноос өмнөх төгсөгчдөд уг хориг хамаарахгүй аж.