
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж, авлигын эсрэг ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор АТГ-аас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг өнгөрөгч баасан гаригт зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх нь зөвхөн АТГ-ын ажил биш, төрийн алба, төрийн албан хаагчдын хуулиар хүлээсэн үүрэг болохыг ойлгуулах зорилготой тус уулзалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцов.
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АТГ-аас байгуулсан долоон баг өнөөдрөөс яам, агентлаг, нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагад ажиллаж эхлэх нь. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилттэй танилцах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой тэдгээр баг нэг сарын хугацаатай ажиллах юм байна.
Уулзалтад Засгийн газрыг төлөөлж оролцсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат бодит нөхцөл байдлаа үнэн мөнөөр гаргах нь чухал болохыг тэмдэглэсэн бол АТГ-ын дарга Х.Энхжаргал “Бид төрийн авлигатай, хүнд сурталтай үйлчилгээг тэвчдэггүй байх үзлийг иргэдэд төлөвшүүлэх, тэднийг соён гэгээрүүлэх, сургах, авлигын эсрэг боловсрол олгоход анхаарлаа хандуулж ажиллана” гэж байлаа.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлагийн дэргэд нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэд авлигаас сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл байгуулагдан ажиллах ёстой юм. Энэ нь “шүгэл үлээгч”-ийг (Авлигатай тэмцэх үйл ажиллагааг олон улсад “шүгэл үлээх” гэж нэрлэдэг) дэмжих бодитой ажил болно гэж найдаж буй аж.