
Монгол Улсын Засгийн газар, Канад улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны дугуй ширээний долдугаар уулзалт Оттава хотноо боллоо. Тус уулзалтыг Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Канадын талаас Канадын Гадаад хэргийн туслах дэд сайд Доналд Бобиаш нар ахлан явуулж, хоёр улсын харилцааны асуудлаарх өнөөгийн байдлыг дүгнэж, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Ингэхдээ саяхан хүчин төгөлдөр болсон Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр нь Монгол, Канадын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт санал нэгдлээ. Мөн хөгжлийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэхээр тохиров.
Канадын Засгийн газар Монгол Улсыг хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг орны жагсаалтад 2014 онд оруулсан бөгөөд эдүгээ уул уурхай, хөдөө аж ахуй, төрийн алба зэрэг салбарт зургаан төсөл хэрэгжүүлж байна.