
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал ноён Михаэль Линк тэргүүтнийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Ноён Михаэль Линк энэ үеэр “Танай сонгууль их өрсөлдөөнтэй болдог учир манай ажиглагчид Монголд очиж сонгууль ажиглах сонирхолтой байдаг” хэмээн онцлов. Мөн тус байгууллагын урьдчилсан судалгааны баг Монголд ирж, сонгуулийн урьдчилсан төлөв байдлыг судалж ажиглаад энэ талаарх тайлангаа удахгүй хэвлүүлж, нийтийн хүртээл болгох гэж буйгаа хэллээ.
Уулзалтад оролцсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны сонгуулийн асуудал эрхэлсэн газрын дарга А.Шлык, Монголын парламентын 2016 оны сонгуулийг ажиглаад “эерэг” гэсэн үнэлгээ өгсөн бөгөөд сонгуулийн байгууллагын ажилтнуудын мэдлэг өндөр, хуулиа баримталж ажиллаж байсныг тэмдэглэв.
Сонгогчид ч сонгуульдаа итгэлтэй оролцсон тухай, автоматжуулсан системийг сонгож, ашиглаж буй талаар тодорхой мэдлэгтэй болсноо тэрбээр онцоллоо. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын тайлан зөвлөмж сонгууль зохион байгуулах, үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход их хувь нэмэр болж байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэмдэглээд зөвлөмжийг нь хэрэгжүүлж ажиллана гэлээ.
Мөн энэ өдөр Ч.Содномцэрэн дарга Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой ажил хэргийн уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр гадаад улсад байгаа монгол иргэдийн санал авах ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлын талаар ярилцсан байна.