
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзлаа. Уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Ш.Абэ ОУВС-тай Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэнд талархаж байна гээд энэ хөтөлбөрийн хүрээнд Япон Улсаас 850 сая хүртэл ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгож, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна" гэж мэдэгдлээ.
Эл зээлийн хүү нь жилийн 1-1.5 хувь бөгөөд 30 жилийн хугацаатай юм байна. Япон улс 1990 оноос хойш манай улсад гурван тэрбум доллартай тэнцэх хэмжээний зээл тусламж үзүүлснээс нэг тэрбум нь нэн хөнгөлөлттэй зээл эзэлж буй юм байна. УИХ-ын дарга М.Энхболд хүндэтгэн хүлээн авч, уулзаж буйд нь ноён Ш.Абэ-д талархал илэрхийлээд "манай төр, засаг эдийн засагт тохиогоод буй хүндрэл бэрхшээлийг даван туулах чиглэлээр олон арга хэмжээ авсны нэг нь ОУВС-тай хамтран ажиллах зорилт байсан юм. Үр дүнд нь бид хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газар 850 сая хүртэл ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” гэв.
Ийнхүү манай улсын эдийн засагт томоохон түлхэц болох зээлийг Японы Засгийн газраас авахаар тохиролцож чадлаа. УИХ-ын дарга М.Энхболд өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Японы засгийн газартай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон томоохон төслүүдийг хөдөлгөж байсан.
Тухайлбал, Нарны гүүр, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын төслүүдийг нэрлэж болно. Өнөөдөр Японы засгийн газраас нэн хөнгөлөлттэй зээл авахаар болсон нь УИХ-ын дарга олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч болохыг нотлож буй хэрэг юм. Түүнчлэн манай улсын эдийн засаг сайжирхад ихээхэн боломж буйг энэ үйл явдал харуулж байна.