
Иргэн Б.Чулуудай оффшор данстай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 31-ний өдөр “Ард түмний онц зөвлөл”-өөс зохион байгуулсан “Оффшорчдын эсрэг нэгдэцгээе” жагсаал Сүхбаатарын талбайд болсон. Үүгээр “Ноён уулыг бус ноёдын оффшорын ухъя”, “Оффшор дансан дахь 17 тэрбум ам.долларыг ард түмэнд өг” гэсэн уриа лоозон барьсан иргэд 12 хүнийг оффшорт данстай хэмээн зарласан. Уг жагсаалтын дунд Хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн нэр байсан юм. Иймд тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Оффшорт данс эзэмшдэггүй” хэмээн албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр “Би 2011 оны зургадугаар сард оффшор бүсэд компани байгуулж байсан ч удалгүй татан буугдсан нь үнэн. Гэхдээ оффшор данс эзэмшиж, түүгээрээ аливаа гүйлгээ хийж байгаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Өнгөрсөн оноос эхлэн данс эзэмшдэггүй гэдгээ нотлох гэж хууль, цагдаагийн байгууллагуудад шалгуулах хүсэлт өгч байсан ч тодорхой шалтгаанууд хэлэн хүсэлтийг минь буцааж байсан.
Оффшор гэх нэр томъёо гарсан даруйд миний нэр хүндэд халдсан худал гүтгэлэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болоод олон нийтийн сүлжээгээр их тархсан. Сүүлдээ “яриа”-нууд нь хувирч, иргэн Б.Чулуудай биш Э.Бат-Үүл оффшор бүсэд данстай мэтээр иргэдэд ойлгуулж, 480 тэрбум төгрөг “нуусан” гэсэн. Би 480 тэрбум төгрөг байтугай 480 төгрөг ч гадаад руу гуйвуулаагүй.
Хамгийн гол нь намайг оффшор бүсэд данстай, түүгээрээ их хэмжээний гүйлгээ хийсэн, татвараас зайлсхийсэн, авилга хээл хахууль авсан гэж үзэж буй хүмүүс баримт нотолгоогоо ард түмэнд дэлгэн тавихыг хүсэж байна. Хэрэв би үнэхээр данс эзэмшдэг нь батлагдвал хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэв.
Хуульч, өмгөөлөгч Б.Болд хэлэхдээ "Үндсэн болон иргэний, эрүүгийн хуульд: иргэний хуулийн 21.2-д иргэний талаар ажил хэрэг, хувь хүний нэр төрийг гутаан доромжилсон мэдээлэл тараасан бол хариуцлага тооцно гэж заасан байдаг. Үүний дагуу бид хариуцлага тооцно. Б.Чулуудайгаар оролдож байгаа нь эцэг Э.БАт-Үүлтэй холбоотой. Хэрэв Б.Чулуудай энгийн бизнес хийдэг хүн байсан бол хэн ч тоохгүй байх байсан. Анх 2016 онд МонголHD телевизээр иргэн Б.Чулуудай оффшор бүсэд дансны гүйлгээ хийсэн нь нотлогдлоо гэж мэдээлээд зогсохгүй энэ тухай үргэлжлүүлэн нийтлэл, сурвалжлага бэлтгэн ард түмэнд мэдээлнэ гэсэн ч өдийг хүртэл алга. Хэрэв баримт нотолгоо байгаа бол түүнийгээ дэлгэ. Бид ч бас өөрсдийнхөө зүгээс баримтаа дэлгэсэн. Шүүх хурлын дараа дэс дараагаар нь дэлгэн үзүүлэх болно" гэсэн юм.