
УИХ дахь АН-ын бүлэг Төсвийн тухай болон бусад дагалдах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээс өнөөдөр завсарлага авлаа. Тэд найман үндэслэлээр таван хоногийн завсарлага хүсэж буйгаа дуулгасан. Гэвч УИХ-ын дарга гурван цагийн завсарлага өгсөн юм. АН-ын бүлгээс “Гуравхан цаг ярилцаад ойлголцох асуудал биш учраас завсарлагын хугацаагаа сунгана” гэж мэдэгдэв.
АН-ын бүлгийнхэн хамгийн түрүүнд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг боловсруулахад Олон улсын валютын сангийнхан оролцсон, эсэхийг тодруулах гэнэ. ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер өнгөрсөн даваа гаригт манай сонинд өгсөн ярилцлагадаа “Засгийн газар төсвийн зардлаа багасгах шаардлагатай байгаа шүү дээ. Харин ямар зардлыг танах вэ гэдэг нь Засгийн газрын өөрийнх нь шийдэх асуудал” хэмээсэн. УИХ-д өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуулийн төсөлд зарлагыг нь 220 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд буй. Иймээс ОУВС-гийн хөтөлбөрийг шаардлага гэж мэлзэн, Засгийн газар төсвийн зарлагаа нэмэгдүүлсэн гэсэн эргэлзээ төрүүлээд байна. Энэ ярилцлага гарснаар олон нийтийн дунд ч татвар нэмэхээр болсон нь, сайд нарын зарцуулах төсвийг 404 тэрбум төгрөгөөр өгсөн нь маргаан дагуулсан сэдэв болов.
ОУВС-гийн ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж, долоон төрлийн татварын хувь, хэмжээг нэмэх зөвлөмжийг хоёр сарын өмнө гаргасан. Энэ үед манай сонин “Халамжаа хагасалж болоогүй гэж үү” нийтлэлээрээ архи, тамхины онцгой албан татвараас бусад татварыг нэмэх нь буруу, харин төсвийн зарлагаа танах хэрэгтэй гэсэн зарчмыг хөндөж байлаа.
Тэгвэл АН-ын бүлгээс төсвийн зарлагыг бууруулах хэрэгтэй, татвар нэмэх шаардлагагүй гэсэн үндэслэлийг дэвшүүлсэн нь манай нийтлэлтэй нэгдэж байгаа юм. Тухайлбал, тэд хүүхдийн мөнгийг танасан хэрнээ сайд нарын төсвийг нэмснийг, тэтгэвэрт гарах насыг 65-д хүргэх гэж буйг, цахилгаан хөдөлгүүр машины татварыг нэмэх гэж байгааг, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг өсгөхөөр болсныг, цэргийн албан хаагчийн халамжийг танахыг эсэргүүцлээ. Өрийн дарамттай үед төсвийн зарлагаа бууруулж, алдагдлыг нь багасгах нь оновчтой бодлого билээ.