
МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцээд “Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн баасан гаригт Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй тул 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх үүсэхгүй гэсэн шийдвэр гаргаж, энэ талаар өөрт нь албан ёсоор мэдэгджээ” гэсэн мэдээлэл цахим ертөнцөд түгэв. Уг мэдээллийг тодруулахаар МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой холбогдоход “Бидэнд тийм бичиг ирүүлээгүй. Бид ч Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаагүй” гэсэн юм. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Өмгөөлөгч н.Дуламжав нь өнгөрсөн сарын 21-нд Н.Энхбаярыг хугацаанаас өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлт ирүүлсэн. Одоогийн байдлаар шүүх уг асуудлыг шийдвэрлэж, албан ёсны хариу гаргаагүй байна” гэсэн мэдээлэл өглөө. УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа өнөөдрөөс эхэлж буй. Үүнтэй зэрэгцээд Н.Энхбаярыг дэвшүүлж болно, болохгүй гэх маргаан ч эхлэх нь. МАХН-ынхан өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, энэ талаар мэдээлнэ гэв.