
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр хэл амаа билүүдэж өнжлөө. Тэрбээр заналхийлэлд өртсөнөө мэдэгдэж, хамгаалалтад авахыг УИХ-ын даргаас хүслээ. О.Баасанхүү гишүүний хэлснээр Ч.Хүрэлбаатар гишүүн түүнийг заналхийлж, эцэг, эхээс заяасан нэрийг нь доромжилж гутаасан гэнэ. Тэрбээр үүнийгээ өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдэж, Баасанхүү гэдэг нэртэй бүх хүнээс уучлалт гуйхыг шаардсан. Хуралдааны танхимд заналхийлсэн гэх Ч.Хүрэлбаатар гишүүн ч байв. Тэдний хооронд ийм яриа өрнөсөн юм.
О.Баасанхүү: -Өнөөдөр зориуд МАХН-ын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй, АН-аас нэр дэвшигчийг МАХН дэмжчих болов уу гэсэн байдлаар намайг удаа дараа гүтгэж, айлгах гэж оролдож байна. Цаашид хэрхэхийг мэдэхгүй юм. Надад ямар нэг зүйл тохиолдвол амь насыг минь Ч.Хүрэлбаатараас нэхээрэй. Энэ хүн Н.Энхбаяр гэдэг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдахад хоёр, гурван хоног уйлж, өнжсөн, анд нөхөр нь байсан юм. Тэр ч утгаараа ярьж, хэлж байсан бүхнийг нь би мэднэ. Тиймээс тэр надад уурлаж, дургүйцэж буйд гайхаж байна. Надаас уучлалт гуй гэж зөндөө хэлсэн.
Ч.Хүрэлбаатар: -Юу болсон талаар товч яръя. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Монголд арилжааны банкны зээлийн хүү үнэхээр өндөр гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэтэл арилжааны банкуудын лообий хийж, амиа тавьчих шахан гүйгээд байгаа хүн УИХ-д зөндөө бий. Банкны системд өрсөлдөөн бий болгосноор зээлийн хүү буурна гэж найдаж буй учраас Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг миний бие дэмжиж байгаа. Гэтэл та “МАН-ын гишүүн Д.Сумъяабазарт Үндэсний хөрөнгө оруулалтын банк гэж байдаг учраас Монголд хөрөнгө оруулалтын банк шаардлагагүй” гэж хэлсэн. Тэгэхээр чинь би танд “Нэрээр, бус агуулгаар хөөцөлд. Тэгээд “Өөрийн чинь нэрийг хэн гэдэг билээ” гэж асуусан. “Чамайг Баасан хүү гэдэг” гэсэн. Чамайг нэрэндээ таарсан хүн биш гэдэгт итгэж байна. Мөн микрофон ашиглаад хүн гүтгэж, дайраад байх шаардлагагүй. Би чамаар гүтгүүлж, доромжлуулаад суудаг ч хүн биш. Үгээ бодож хэлж бай. Би чам дээр сая очоод “Хүн гүтгэх чинь хуультай шүү” гэж хэлсэн.
О.Баасанхүү: -“Чамайг маргааш яахыг чинь харна аа” гэж хэлсэн биз дээ, чи.
Ч.Хүрэлбаатар: -Та хүн гүтгэж явдгаа болих хэрэгтэй. Та нам доторх зөрчлөө тэндээ л шингээ. Энд оруулж ирж битгий хэрүүл болго. Ер нь банкны зээлийн хүүг бууруулъя гэхээр чам шиг амьтад яагаад эсэргүүцээд байдаг юм. Чи цаад эздийнхээ боол нь байхаа боль. Эдийн засаг амаргүй байхад зарим хүнд таалагдахгүй ч гэсэн хатуу арга хэмжээ авч ажиллах ёстой. Үүний төлөө элдэв бусаар гүтгэж, дайрах шаардлагагүй. Чи эрх баригч байсан. 2012-2016 онд эдийн засаг хямрахад чиний оруулсан хувь нэмэр асар их шүү. Та нарын бий болгосон “баасыг” цэвэрлэж, хямралаас гарах гэж тэмцэж байна. Эцэст нь үүний ард гарна гэдэгтээ итгэл төгс байгаа. Эерэг үр дүн ч гарч байна. Харин та нар үүнд битгий саад болоод бай. Бид хийхээ хийе. Үр дүн гарахгүй бол шүүмжил гэв.
САНАЛ ХУРААЛТЫН ТОВЧЛУУР ДАРАХ ХУГАЦААГ БОГИНОСГОХЫГ ХҮСЭВ
Мөн энэ өдөр гишүүн О.Баасанхүү УИХ-ын дарга М.Энхболдод нэгэн хүсэлтийг албан бичгээр тавив. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр санал хураалтын товчлуурыг таван секундийн дотор дарах ёстойг хоёр болгон багасгахыг тэрбээр хүссэн байна. Ингэснээр бусдын өмнөөс товчлуур дарж, санал хураалтын дүнд нөлөөлдөг, хуралдаа суудаггүй байдал цэгцэрнэ гэж тэрбээр үзэж буй бөгөөд “Гишүүд хуралдаа сууж буй тохиолдолд өмнөх товчлуураа дарахад нэг секунд ч хангалттай” хэмээн тайлбарлана лээ. Харин түүний хүсэлтэд УИХ-ын дарга ямар нэг тайлбар хийгээгүй бөгөөд өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр энэ тухай хөндсөний дараахан санал хураахад танхимд байсан гишүүд өрөөлийн товчлуурыг дарахаар хөдөлгөөнд орцгоосон юм. Д.Тогтохсүрэн нарын гишүүний санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг дэмжих, эсэх санал хураалтад 61 гишүүн оролцсон гэсэн дүн цахим самбарт гарсан ч танхимд дөн- гөж 22 гишүүн байлаа.