
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын дарга Си Зиньпинд бараалхав. Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй буйгаа харилцан илэрхийллээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Дэлхийн хөгжилд ганцаараа гоцлол хөгжим тоглохгүй, олуулаа найрал хөгжим тоглоё” гэсэн үзэл санааны дагуу БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилсан “Бүс ба Зам” санаачилга олон улсын хэмжээнд ихээхэн дэмжлэг хүлээж байгаад баяр хүргэсэн.
БНХАУ-ын дарга Си Зиньпин “2014 онд миний бие Монгол Улсад айлчилснаас хойш бид хамтран олон бодит ажил хийж, тодорхой үр дүнд хүрсэн. Цаашид Хятад, Монголын харилцаа улам бат суурьтай байх ёстой” гэв. Тэрбээр “Холын садангаас ойрын хөрш илүү гэсэн үг байдаг” гээд дэлхийн хөгжлөөс Хятад, Монгол хоёр улс хамтдаа хожих хэрэгтэйг онцлов. Монгол Улс “Бүс ба зам” санаачилгын гол шугам дээр байгаа учраас идэвхтэй оролцож хөгжих бүрэн боломжтой. Энэ хүрээнд Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэхээр тохирсон нь түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бүрдэж байгаад талууд санал нэгдэв.
БНХАУ-тай харилцах харилцаа нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд хэлээд, худалдаа, эдийн засаг, хил орчмын хөгжил, дэд бүтцийн чиглэлээр хоёр улсын хамтарч хэрэгжүүлж болох зарим томоохон төсөл, хөтөлбөрийн талаар тодорхой байр сууриа илэрхийллээ. Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, бүтцийг нь сайжруулах шаардлагатайг тэмдэглэв. Хятадын тал Монгол Улсад тулгараад буй эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.
Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд эхний ээлжинд БНХАУ-ын олгосон нэг тэрбум ам.долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэснээ мэдэгдэв. Мөн БНХАУ-ын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар тохирсон. Энэ удаа БНХАУ-аас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгож байгаа, мөн ирэх гурван жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал илэрхийлсэн юм. Хөдөө аж ахуйн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллаж, эхний ээлжинд махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг сайжруулах асуудалд Хятадын тал хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.
Үүний зэрэгцээ хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөтгөж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн зарим боомтыг ойрын хугацаанд олон улсын статустай болгоход анхаарч ажиллахаар хоёр тал тохиролцов. Тавантолгой зэрэг уул уурхайн төслийг цогцоор нь хөгжүүлэх, дагалдах төмөр зам, эрчим хүчний станц барих, Оюутолгойн ордын зэс боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтарч ажиллах нь хоёр улсын хөгжлийн стратегид нийцнэ гэдгээ БНХАУ-ын дарга дурджээ.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний хүрээнд талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах асуудлаар голчлон санал солилцлоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д төмрийн хүдэр, нүүрс зэрэг уул уурхайн болон хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд чухал байгааг тэмдэглэв.
Тавантолгойн ордод түшиглэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрснээс шингэн болон нийлэг хий гаргах иж бүрэн төсөл болон дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтарч ажиллах, Хятад-Европыг холбосон нислэгт Монгол Улсын агаарын орон зайг ашиглах, агаарын хаалга шинээр нээх талаар Ерөнхий сайд нар санал солилцлоо. Түүнчлэн Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц барих төслийг даруй эхлүүлэх, “Хэрлэн говь” төслийг Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх, Замын-Үүд-Эрээн боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан юм.
Ерөнхий сайд нар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөлд хамтран ажиллаж, туршлага солилцъё гэдэгт санал нэгдэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн мөнгөөр бус, туршлагаасаа хуваалцаж, туслахад бэлэн гэлээ.
Айлчлалын хүрээнд талууд “Хөгжлийн зам” болон “Бүс ба зам” санаачилгыг уялдуулах тухай Засгийн газар, Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг болон Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зурлаа.
“Бүс ба зам” олон улсын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Кыргызийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Узбекийн Ерөнхий сайд Шавкат Мирзиёев, Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан болон БНПУ-ын Ерөнхий сайд Беата Шидло болон ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагард нартай ажил хэргийн уулзалт хийлээ. Түүнчлэн тэрбээр БНХАУ-ын бизнес эрхлэгчдийн төлөөллийг (21 аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 50 гаруй бизнес эрхлэгч) хүлээн авч уулзан, ажил хэрэгч яриа өрнүүлэв.