
УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулан СЕХ-нд бүртгүүлэх хуулийн хугацаа энэ сарын 14-нд дуусгавар болсон. СЕХ МАН, АН-ын нэр дэвшигчийг бүртгэж, МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг бүртгэж аваагүй нь ойрын өдрүүдийн улс төрийн халуун сэдэв болоод байна. Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй, сүүлийн таван жилд эх орондоо байнга оршин суугаагүй нь нэр дэвшихэд саад болж буй юм.
Сонгуулийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 2-т “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсвэл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлэн, шаардагдах бичиг баримтыг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ” гэж заасан.
Нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх, өөр хүний нэрийг дэвшүүлэх хуулийн хугацаа маргааш дуусгавар болно. Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахад хүргэсэн үндэслэл энэ хооронд засагдахгүй нь тодорхой тул түүний оронд өөр хүн дэвшүүлэх л гарц бий. МАХН өөр хүн нэр дэвшүүлэх, эсэхээ маргаашийн дотор шийдэх ёстой гэсэн үг.
Гавьяат хуульч С.Нарангэрэл тус намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн гэсэн мэдээллийн дагуу түүнтэй холбогдлоо.
-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн юм уу?
-МАХН-аас надтай хоёр ч удаа уулзаж ярилцсан. Эхний удаад нь би бодъё гэсэн. Дахиад уулзахад нь “МАХН-ын цаашид орших, эс оршихыг шийдэх энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж, хар мөнгөгүйгээр сонгуульд оролцож болдгийг харуулахын тулд нэр дэвшихэд бэлэн” гэдгээ хэлсэн.
-Н.Энхбаяр даргатай уулзаж, ярилцсан уу. Танд хэн санал тавьсан бэ?
-Н.Энхбаяр даргатай уулзаагүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хотын намын дарга нар нь надтай уулзаж, санал тавьсан.
-Та МАХН-ын гишүүн бил үү?
-Би аль ч намын гишүүн бус.
-МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээсээ таван тэрбум төгрөгийн хандив авахаар тогтсон гэсэн мэдээлэл гарсан байна.
-Худлаа байх аа. Би тийм зүйл сонсоогүй. Хэрэв үнэн бол надад тийм их мөнгө байхгүй.