
Монгол Ардын Намаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлт Тусгаар тогтнолын ордонд боллоо. Нээлтэд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба тэргүүтэй урлаг, спортын алдартнууд оролцсон байна.
Энэ үеэр нэр дэвшигч М.Энхболд “Даяаршсан дэлхийд Монгол өөр замаар, ганцаараа явна гэвэл хаа ч хүрэхгүй. Тиймээс хоёр хөрш болон дэлхийн улс түмэнтэй эрх тэгш, найрсаг харилцааг улам хөгжүүлэхийн төлөө зүтгэнэ ээ. Монголын хууль, монголчуудын эрх ашигт нийцэж, шинэ технологи, инновацийг ашиглах, эх байгальд хор хөнөөлгүй аливаа хөтөлбөр, төслийг бүрэн дэмжинэ. Хяналт, шаардлагыг маань биелүүлж, хөгжлийн зорилгод хамтрагч болж буй хэнийг ч бид хөөж туух учиргүй. Тиймээс би гацаах зогсоохыг биш, гарц шийдлийг зөв олдог, Монголын эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг Ерөнхийлөгч байна” хэмээн сонгуулийн сурталчилгааны нээлтийн үгэндээ онцоллоо.