
Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өчигдөр товлосон ёсоор хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Р.Гончигдорж, Н.Чинбат, Д.Зүмбэрэллхам, Ж.Дашдорж нар нэрээ дэвшүүлж, зөвлөгөөний үеэр Ц.Сарантуяагийн нэрийг тус шүүхийн шүүгч нарын нэг нь санал болгожээ. Тэдгээрээс Д.Зүмбэрэллхам албан бичгээр нэрээ татаж, санал хураалтад Р.Гончигдорж, Н.Чинбат, Ж.Дашдорж, Ц.Сарантуяа нар өрсөлдсөн байна. Тэднээс Н.Чинбат Улсын Дээд шүүхийн шүүгчдийн олонхын саналыг авснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтоол гаргалаа.
Нэр дэвшигч, Гавьяат хуульч Намжилын Чинбатын хувьд өмнө нь буюу 1996 оноос хойш Оюуны өмчийн газрын даргаар ажиллаж байснаар нь иргэд илүү мэддэг. Тэрбээр өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхийн албан тушаал хашиж буй юм. Хуульч мэргэжилтэй тэрбээр дээрх газрын даргын албан тушаал хашихаас өмнө Дээд шүүхийн орлогч дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн зэрэг олон ажил эрхэлж байсан юм. Н.Чинбат өнгөрсөн жилийн тавдугаар сард болсон ШЕЗ-ийн гишүүнд мөн нэр дэвшиж, одоогийн тус зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой өрсөлдөж байсан билээ.
Ж.Дашдоржийн хувьд ХЭҮК-ийн гишүүн байсан бол Ц.Сарантуяа өмнө нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байв. УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн тухайд жил гаруйн өмнө Цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн ч тус шүүхийнхэн уг асуудлыг хэлэлцэлгүй орхиж байсан юм. Тэрбээр дахин үзээд алдсан ч дэмжлэг авсангүй.
ҮХЦ-ийн даргаар ажиллаж байсан Ж.Амарсанааг огцруулснаас хойш жил гаруйн дараа орны гишүүнийг нэр дэвшүүлж буй нь энэ юм.
УИХ-ын гишүүдийн олонхын санал авч, томилогдвол Н.Чинбатын бүрэн эрх хэрэгжиж эхлэх юм. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд “Цэцийн гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, 40 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна. Цэцийн бүрэлдэхүүнд шинээр буюу нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхэлж, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ. Цэцийн гишүүний бүрэн эрх нь УИХ-аас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно” гэж заасан байдаг.