
Хойд Солонгосын үзэл суртлын зурагт хуудас зочид буудлаас хулгайлсан учир тус улсын шоронгоос 15 жилийн ял авсан америк оюутныг 17 сар хорьсны дараа эрүүл мэндийн шалтгаанаар сулласан байна. Энэ жил 22 настай Виржиниагийн их сургуулийн оюутан Отто Уормбер эх орондоо буцсан тухай мэдээллийг америкийн хэвлэлийнхэн баталсан юм. Түүнийг өнгөрсөн оны хоёрдугаар сард шүүхээс ял авснаас нь хойш олон нийт дахин хараагүй. Гэхдээ америк оюутныг суллах болсон шалтгаан нь тодорхойгүй бөгөөд түүнийг аль жилийн өмнө ухаангүй болж, одоог хүртэл комд орсон тул буцаасан гэж үзэж байгаа юм.

Хойд Солонгосын эрх баригчид түүнд нэгэн төрлийн унтуулдаг хор өгч, түүнээс хойш сэрэхгүй байгаа талаар АНУ-ын зүгээс мэдээлжээ. Одоогоор ямар эмчилгээ хийх талаар тодорхойгүй байгаа аж.


Зарим эх сурвалж NBA-ийн нэрт тоглогч Деннис Родманыг Хойд Солонгост дөрөв дэхээ очсоны дараа ердөө цаг гаруйн дараа америк оюутныг суллаж байгааг онцолжээ. Д.Родман 2013 оноос хойш Хойд Солонгост дөрвөн удаа зочилсон. Тэрбээр залуу удирдагч Ким Жон Интой дотно найзалдаг. Нөгөө талаас Хойд Солонгосын шоронд хоригдож буй дөрвөн иргэнийг суллахад түүний оролцоо бий байж магадгүй хэмээн хэвлэлийнхэн таамаглаж байгаа юм. Одоо Хойд Солонгосын хөдөлмөрийн чанга дэглэмтэй хориход Өмнөд Солонгос гаралтай гурван америк иргэн хоригдож буй. Ким Дон Чул 2015 оны аравдугаар сараас 10 жилийн хорих ял авсан бол кино найруулагч Ким Сан Дук энэ оны дөрөвдүгээр сараас харин Ким Хак Сон өнгөрсөн сараас хойш хоригдсон байна.