
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 12-14-нд АНУ-д албан ёсны айлчлал хийж буй. Сайд Ц.Мөнх-Оргил даваа гаригт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дэслэгч генерал Х.Макмастертай Цагаан ордонд уулзав. Гадаад харилцааны сайд Монгол Улс гуравдагч хөрш АНУ-тай иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаагаа бэхжүүлж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бодит алхмууд хийх эрмэлзэлтэй байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэв.
Х.Макмастер Афганистан улс болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй манай улсын хувь нэмэр, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцохоор болсонд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр Монгол Улс, АНУ-ын хооронд тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлж, улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр талын харилцаанд чухал түлхэц болно гэв.
Талууд хоёр орны энхийг сахиулагчид бүс нутаг, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө мөр зэрэгцэн ажиллаж ирснийг тэмдэглэлээ.
Мөн өдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Мянганы сорилтын корпорацын Гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Жонатан Нэштэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээний явцын талаар санал солилцжээ. Түүнчлэн Энхтайвны корпусын захирлын үүрэг гүйцэтгэгч, хатагтай Ш.Кроулитай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.