
Сонгуулийн санал тоолох төхөөрөмж, саналын хуудсыг ачсан автомашинууд өчигдөр Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймаг руу хөдөллөө. Санал тоолох төхөөрөмж, саналын хуудсыг хүлээж авсан Өвөрхангай аймгийн Сонгуулийн хорооны дарга Т.Гончигдорж “Энэ сарын 20 гэхэд сумдад төхөөрөмж болон саналын хуудсыг хүргүүлнэ.
Манай аймгийн хэмжээнд нийт сонгогчийн тоо 72.700 орчим байх болов уу. Эцсийн тоог хараахан гаргаагүй байна. Сонгуулийн 108 хэсгийн 664 санал авах байр ажиллуулна. Эдгээрт нийт 750 гаруй хүн ажиллана” гээд, бэлтгэл ажил бүрэн хангагдсан хэмээж байлаа.
Энэ сарын 12-нд буюу өнгөрөгч даваа гаригт эхэлсэн саналын хуудас хэвлэх ажил “Мөнхийн үсэг” үйлдвэрт ид өрнөж байна. Хэвлэх үйл ажиллагаа 24 цагийн турш тасралтгүй үргэлжилж буй бөгөөд хуульд заасны дагуу санал хураалтаас гурав хоногийн өмнө буюу энэ сарын 23 гэхэд санал авах бүх байранд хүргэсэн байх ёстой.
Саналын хуудсыг бүх аймагт 19 гэхэд хүргэсэн байх ёстой бөгөөд эхний газрууд руу явуулж буй нь энэ. Харин хамгийн алслагдмал, баруун дөрвөн аймагт 16-17-нд онгоцоор хүргэнэ. Мөн жил ирэх бүр сонгуульд саналаа өгөх иргэд цөөрч буйг харгалзан нийт сонгогчийн тоогоор саналын хуудас хэвлэж буй юм байна.
Саналын хуудас, “хар машин”-ыг сонгуулийн болон хүчний байгууллагын хяналт, хамгаалалттайгаар холбогдох газарт нь хүргүүлж буй аж. Эх бэлтгэх, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад ч үйлдвэрийн ажилчдаас гадна Сонгуулийн ерөнхий хорооны ажлын хэсгийн гишүүд, нам, төрийн бус байгууллагын ажиглагчид, цагдаа, төрийн тусгай хамгаалалт, тагнуулын байгууллагынхан 24 цагийн хяналт тавин ажиллаж байна.
Намуудын ажиглагчид “Саналын хуудсыг өндөр хяналтын дор хэвлэдэг юм байна. Энд 25-30 хүн өдөр шөнөгүй ажиллаж байна. Буруу, зөрүү зүйл хийх боломжийг бүрэн хааж чаджээ” гэж байсан юм. Мөн тэдгээрийг санал авах байранд хүргэснээс хойш санал авах өдөр хүртэл цагдаагийн байгууллага 24 цагийн хамгаалалтад байлгах юм.
Саналын хуудас нь нэр дэвшигчдийн цээж зураг, тусгай нууцлалтай байхаас гадна аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаар, код, индекстэй хэвлэж буй аж. Түүнчлэн санал өгөх үеийн нууцлалыг хадгалах зориулалт бүхий хавтсыг хэвлүүлж байгаа нь энэ удаагийн сонгуулийн онцлог гэлтэй. Харааны бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах үүднээс брайль үсгээр саналын хуудас хэвлэж буй бөгөөд сонгуулийн хэсэг тус бүрт нэгийг хуваарилах юм байна. Улсын хэмжээнд сонгуулийн 1983 хэсэг бий.
Сонирхуулахад, нэг саналын хуудас хэвлэх зардал 1000 орчим төгрөг болж буй бөгөөд дээрх үйл ажиллагаанд гурав гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ.