
УИХ-ын дарга, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар дунд сургуульд байрлах хэсгийн хороонд саналаа өглөө.
Энэ үеэр тэрбээр “Би Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуульд оролцож, саналаа өглөө. Монголын төрийн сонгууль бүр өөр өөрийн онцлогтой болж байсан. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль ч өөрийн гэсэн онцлогтой болж байна. Энэ удаагийн сонгуульд улс орны эдийн засаг, нийгмийн хямралт байдлаас гарахад иргэддээ ээлтэй эдийн засаг, хөгжлийг бий болгоход чухал нөлөө үзүүлэх сонгууль болж байгаа гэж би ойлгож байгаа. Монголчууд Төрийнхөө сонгуульд оролцох энэ өдрийг баярын өдөр гэж тэмдэглэж ирсэн уламжлалтай. Мориныхоо дэлийг засч, шинэ дээлээ өмсөж Төрөө хүндэтгэж, сонгуульдаа оролцдог ард түмэн. Энэ удаагийн сонгуульд сонгогч, иргэд, олон түмэн маань идэвхтэй оролцоосой гэж уриалж байна. Эвтэй сайхан сонгууль болоосой. Сонгуулийг зохион байгуулж буй 20 гаруй мянган төрийн албан хаагчдадаа сонгуулиа сайн зохион байгуулахыг хүсч, ажлын амжилт ерөөе” гэв.