
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай холбогдуулан АН-ын зүгээс сонгуулийн үйл ажиллагааг будилаантуулах, иргэдийн сонголтод нөлөөлөх зорилготой гүтгэлэг бүхий мэдээллийг олон нийтэд түгээж байгаа талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ.
- Нэгдүгээрт, Эрх барьж буй МАН СЕХ-ны үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа мэтээр ойлгуулах оролдлогыг АН-ынхан хийж буйд харамсч байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэргүүтэй бүтэц бүрэлдэхүүнийг АН-ынхан төрийн эрхийг барьж байх үедээ томилсон. Тухайлбал, Ч.Содномцэрэнг 2012 оны аравдугаар сарын 5-нд СЕХ-ны даргаар томилсон. Энэ хүн 2012 оны орон нутаг, 2013 оны Ерөнхийлөгч, 2015 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг удирдан зохион байгуулсан.
- Хоёрдугаарт, Нэг хаяг дээр олон хүн бүртгэсэн, нэг хүн хоёр иргэний үнэмлэхтэй байна гэсэн мэдээллийг тэд тарааж бн. Үүнийг ОӨУБЕГ, ЦЕГ зэрэг холбогдох байгууллагаас тодруулсан. АН-ын нэр бүхий гишүүдийн сошиал ертөнцөд түгээж байгаа шиг зүйл огт байхгүй байна. Дараагийн нэг асуудал нь иргэд, сонгогчид хэнд саналаа өгч байгааг нууцлах зорилгоор саналын хуудсыг хавтастай байлгах чиглэлийг СЕХ-ноос хэсгийн хороодод өгчээ. Гэтэл зарим иргэн саналын хуудсаа хавтастай нь автомат машин руу хийснээр машин гацах тохиолдол хэд хэд гарсан байна. Үүнээс сэргийлж саналын хуудасны дээд хэсгийг нугалуулах арга хэмжээ авсныг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл мушгин гуйвуулсан. АН-ынхан төр, засгийн эрхийг барьж байхдаа сонгуулийг зохион байгуулж үзсэн улс төрийн туршлагатай хүчин гэж бид үздэг. Гэтэл тэд анх удаа сонгуульд орж байгаа юм шиг танин мэдэхүйн шинж чанартай олон зүйлээр эрх баригч нам болон төрийн байгууллагуудыг гүтгэн гүжирдэж байгаа нь сонгуулийг будилаантуулах гэсэн оролдлого гэлээ.