
Дахин санал хураалт болох нөхцөл үүслээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдээс 50 хувийн санал аваагүй учир Сонгуулийн тухай хуульд зааснаар хоёр дахь санал хураалт явуулах шаардлагатай болж буй юм. Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ "Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий. Үндсэн хуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй бол дахин санал хураах журамтай. Харин дахин санал хураалтыг 14 хоногийн дотор зохион байгуулах учиртай. Тус санал хураалтад хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд түүнээс хамгийн их санал авсан нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч болох юм" гэв.
Мөн "Урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд сонгуулийн ирц 66.54 хувьтай байгаа бөгөөд эцсийн дүнг энэ сарын 27-ны өглөө сонгуулийн дүнтэй хамт мэдээлнэ" гэсэн юм.