
-Нийт сонгогчийн 66.5 хувь нь саналаа өглөө-
Монголчууд Төрийн шинэ тэргүүнээ сонгохоор өчигдөр саналаа өглөө. Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуульд нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 66.5 хувь нь оролцов. Ирц хангалттай байсан ч нэр дэвшигчдийн хэн нь ч саналаа өгсөн нийт сонгогчийн 50+1 хувийн санал авч чадсангүй. СЕХ санал хураалтын дүнг цахим дэлгэцээр шууд дамжуулан харуулсан юм.
Шөнийн 01.00 цагийн байдлаар АН-ын нэр дэвшигч Х.Баттулга 39, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 30, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 31 хувийн саналтай явж байв. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигч С.Ганбаатар таамагласнаас хамаагүй өндөр санал авлаа. Ингэснээр Монгол Улсад анх удаа хоёр дахь шатны санал хурааж, Төрийн тэргүүнээ тодруулахад хүрч байна.
Хамгийн олон санал авсан хоёр хүний дунд одоо дахин санал хураана. СЕХ уг ажлыг 14 хоногт багтаан зохион байгуулах учиртай. Нэр дэвшигчдээс итгэлтэй сонгох хүн алга, сонголтгүй сонгууль болох нь хэмээн шүүмжилж байсан нь ийнхүү батлагдав. Бас таамаглалыг “төөрүүлж” орхилоо. Юутай ч Х.Баттулга, С.Ганбаатар нар дахин өрсөлдөх бололтой.
Сурталчилгааны хугацаанд хар пиараар хоорондоо “байлдсан” намууд сонгуулийн санал хураах өдөр ч зангаа тавьсангүй. Энд тэнд хэн нэг нэр дэвшигчийн багийнхан хүн зодсон л гэнэ. Бас сонгогчийн саналаа өгсөн биллийг худалдаж авах тухай яриа хөөрөө анх удаа гарав.
“Сэжиг бүхий хүмүүс” санал өгсөн билл асууж, “Ажлаа дүгнүүлэх гэж байгаа юм” гэсэн тайлбар хэлсэн тухай, мөн өөрийнх нь талын нэр дэвшигчид саналаа өгвөл “шагнал”-тай, ингэхдээ дээрх хуудсан дээрх регистрийн дугаар, санал өгсөн цаг, минутаар нь харж, хэнд өгснийг нь шалгах учраас хуудуугүйгээр дугуйлах ёстой гэх мэт “сүрдүүлэг” хийсэн гэх.
Нэг хаяг дээр ижил нэртэй, “ихэр” хүмүүс бүртгэсэн тухай гомдол гарч, ОӨУБЕГ-аас үүнийг нь няцаав. Ер нь АН-ынхан хардлага ихтэй байлаа. Гэхдээ санал хураалтын дүн тэднийг тайвшруулсан биз ээ. 00.40 цагт АН-ынхан мэдээлэл хийж, хоёр дахь шатны сонгууль болох нь гэдгийг хүлээн зөвшөөрөв.
Сонгуулийн урьдчилсан дүн гарахаас өмнө АН-ынхан “ялагдсандаа” бухимдаж, үймээн дэгдээж магадгүй гэсэн хандлага түлхүү байлаа. СЕХ сонгогчдыг саналаа өгөхийг урьсан зурвасаас ч эрт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс “Та бүхэн аливаа хууль бус үйлдэл, турхиралт, гүжир гүтгэлэгт авталгүй, хуулиа дээдэлж сонгуульдаа оролцоно уу”, “Төрт ёсны уламжлалаа дээдэлж, түвшин амгалан сонгуульдаа оролцъё” гэсэн мессэж илгээж, зүгээр байсан хүмүүсийг бяцхан айдаст автуулаад авсан. ЦЕГ-аас мөн “Сонгуулийн дүнг зүгээр л хүлээн зөвшөөр, элдэв үймээн бүү дэгдээ” гэж мэдэгдэл хийсэн юм. Харин одоо хэн хэн нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, дараагийн шатны санал хураалт ямар болохыг харах л үлдэж байна.
Юутай ч уг сонгуулиар нийслэлд сонгогчдын хуруун дээр бэхээр тэмдэглэгээ хийлээ. Мөн сонгогчийн саналын нууцлалыг хадгалах үүднээс нэмэлт дугтуй гаргасан нь онцлог байв. Гэвч уг дугтуйтай холбоотой шүүмжлэл олон гарлаа. Дугтуйнд саналын хуудас бүтнээрээ багтахгүй, хамгийн дээд талд бичигдсэн нэр дэвшигч М.Энхболдын нэр цухуйхаар хэмжээнд буюу үдээсийг бараг дунд нь үдчихсэн нь хардлага төрүүлсэн.
Сонгуулийн хэсгийн байруудад гар утас ашиглахгүй, саналын хуудасны зургийг авахыг хориглоно гэх мэт сануулга байсан ч үл тоосон хүн цөөнгүй гарлаа. УИХ-ын эрхэм гишүүн М.Оюунчимэгийн гэр бүл эвтэй Монголыг сонгосноо бахархалтайгаар зарлахдаа саналын хуудасныхаа зургийг “нотолгоо” болгон хавсаргаад хэрэгт ороход хүрч байна.
Энэ тохиолдолд 14 хоног хүртэл баривчлах ялтайг хүмүүс түүнд сануулж байсан юм. Гэхдээ хуулиар тухайн хэсгийн хорооноос гомдол гаргасан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгах гэнэ. Зарим нэг хүн экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн саналыг алсын зайнаас “хакердаж” хараад М.Энхболдод саналаа өгснийг нь тогтоосон тухай яриа ч цахим сүлжээнд гараад амжлаа.