
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болж өнгөрсөн ч шүүхийн шатан дээр байгаа хэргүүдийн улмаас нэр дэвшихтэй холбоотой тодорхойгүй байдал үүсгэлээ гэж олон улсын ажиглагчид хэллээ.
Монгол улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай, богинохон боловч ширүүн болж өнгөрлөө. Сонгуулийн байгууллага олон нийтийн итгэлийг ихээхэн хүлээж, эвлэлдэж нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн байдалд боллоо. Гэвч өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа сунжруу, түүнчлэн шүүхийн шатан дээр хэргүүд шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байгаа нь нэр дэвшигчдийн талаар сонгогчдод эргэлзээ төрүүлэхэд хүргэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа өргөн дэлгэр цацагдсан боловч дүн шинжилгээнд суурилсан мэдээллээр дутмаг байлаа гэж олон улсын ажиглагчид өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ дүгнэжээ.
Санал авах өдөр олон улсын ажиглагчдын очиж ажиглалт хийсэн цөөн тооны санал авах байрууд дээр санал хураалт, тоолох үйл явц эмх журамтай явагдаж байсан хэдий ч СЕХ дөнгөж нэгтгэсэн дүнг мэдээлснээр ил тод байдал зарим талаар хязгаарлагдсан гэж дүгнэлтэд тэмдэглэжээ. Санал авах байруудад эмэгтэй ажилтнууд тооны хувьд давамгайлж байв. Ажиглалт хийсэн бүх санал авах байранд намуудын ажиглагчид байсан бол, сонгуулийн өдөр иргэд олон нийтийн ажиглагчид өргөн хүрээтэй ажиглалт хийсэнгүй. Цагдаагийн байгууллагад сонгуулийн өдөр 150 орчим өргөдөл гомдол ирснээс 86 нь санал худалдаж авах тухай гомдлууд байлаа.
Олон улсын ажиглагчдын хэвлэлийн бага хуралд
- Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене
- ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Геерт-Хинрич Аренс
- ЕАБХАБ-ын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики
- ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос нар оролцлоо.