
МАХН-аас сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд энэхүү сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд дахин сонгууль явуулахыг шаардлаа. Тодруулбал, МАХН-ын сонгуулийн штабаас сонгуулийг бүхэлд нь хүчингүйд тооцож дахин сонгууль явуулж, Сонгуулийн ерөнхий хороог татан буулгахыг шаардаж буйгаа мэдэгдлээ. Мөн энэ үеэр тус намаас нэр дэвшигч С.Ганбаатар хэлэхдээ "Юуны өмнө надад саналаа өгсөн бүх сонгогчиддоо баярлалаа. СЕХ-ны мэдээллийг сонслоо. Гэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. МАХН-ын олон зуун гишүүд шударга ёсны төлөө тэмцсэн. Миний ард түмэн өнөөдөр хулгайчгүй төртэй баймаар байна. Энэ хүмүүсийн өмнөөс сонгуулийн луйвартай эвлэрч болохгүй. СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг илбэчин байгууллага болжээ. Хоёрхон өдрийн дотор 35 мянган амьгүй "албатуудыг" тэд бий болгосон. Ард иргэд та бидний тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, ардчиллаа аврахын төлөө энэхүү хууль бус, ёс зүйгүй үйлдэлтэй эвлэрч болохгүй. СЕХ-ны үйлдэл луйвар байсан гэдгийг бид баримтаар баталж чадна. Тэднийг амтшуулж, хүлээн зөвшөөрч болохгүй. Тэтгэвэр нэмэх, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, Монгол орны эдийн засгийг сайжруулах, уул уурхайн баялагийн асар том хулгайг Монголд ашигтай болгох боломж бидэнд бий. Бид энэ тэмцлийн замаасаа ухрахгүй. СЕХ-г Монголын ард түмний өмнө үнэнч шударгаа ажилладаг болтол нь, Монголын төрийн хяналттай, сахилга баттай байлгах ажиллагааныхаа төлөө бид тууштай зүтгэнэ. Эцэст нь хэлэхэд биднийг дэмжсэн сонгогч түмэн олондоо баярлалаа" гэсэн юм.