
МАН-аас сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр М.Энхболд хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр улс орон даяар зохион байгуулагдаж дууслаа. Үүнтэй холбогдуулан би нэр дэвшигчийнхээ хувиар болон МАН-ын сонгуулийн штабын удирдлагуудын хамт мэдээлэл нь хийх зүйтэй гэж үзлээ. Юуны өмнө өчигдрийн санал хураалтад оролцож, намайг дэмжин саналаа өгсөн, миний сонгуулийн штаб, баг бүрэлдэхүүнд орж ажилласан олон мянган иргэд, сонгогчид, намын идэвхтэн зүтгэлтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Сонгуулийн үр дүн эцэслэгдэн гараагүй байгаа ч би ямар ч үед улс орныхоо эдийн засгийн нөхцөл хямралт байдлаас гарах, ард иргэдийнхээ амьдрал ахуйг өөд татах асуудалд анхаарал тавьж ажилласаар байх болно. Сурталчгааны ажил эхэлж байх үед хоёр нэр дэвшигчид хандаж ил захидал илгээж, ёсыг бодож алд цэнхэр хадаг хүргүүлж байсан. Хуулийн дагуу, олон түмнээ хүндэтгэсэн, төрийн сонгуулийг дээджл өрсөлдөхийг уриалсан хэдий ч харамсалтай нь энэ өдрүүдэд гутаан доромжилсон, эвлүүлэг хэрээс хэтэрсэн, иргэдийг элдэв зүйл уриалан дуудсан, орон нутагт тэрбум, тэрбум төгрөгөөр тээвэрлэсэн ийм сонгууль болж өндөрлөлөө. Миний бие мөн хэд хэдэн нэвтрүүлэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан. Тэр бүрдээ тайлбарыг нь өгч байсан. Сүүлд халз мэтгэлцээний үеэр МАН яагаад амлалтаасаа буцсан бэ гэдэг асуултад ч үнэн зөвөөр хариулсан. Мөн надтай холбоотой 60 тэрбум төгрөг, газрын наймаа зэргийг ихээхэн ашигласан. Гэхдээ тухай бүрд нь тайлбараа хийгээд явсан" гэлээ.
Мөн "МАХН-ын нэр дэвшигч, штабын удирдлагууд хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Ер нь сонгуулийн дараа МАН руу дайрах үйлдэл улс төрийн хүчнүүдээс өмнө нь удаа дараа гаргадаг байсан. Бид үеийн үед, аль ч сонгуулийн үед хууль, тогтоомжоо барьж, СЕХ-ноос тавьсан шаардлагыг биелүүлж ажилладаг улс төрийн соёлтой хүчин. Бидэн рүү дайрсан, санал луйвардсан гэсэн мэдээлэл хийсэн гэсэн. СЕХ-г шалгаж, саналын хуудсыг тоолох санал гаргасныг би зөв гэж үзэж байгаа. Хэрэв эргэлзээ байгаа бол бид хамтраад шалгасан ч болж байна. Бид бэлэн байна" гэсэн юм.