
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын дүнг нэгтгэх үеэр Говь-Алтай аймгийн Цогт сум дахь санал авах 428 дугаар хэсгийн тооллогын явц саатаж, өчигдөр 09.10 цагт дүнгээ СЕХ-нд ирүүлсэн юм. СЕХ-ныхон “Уг сум дахь “Мобиком”, “Юнител” компанийн шилэн кабель тасарсан учраас мэдээгээ оройтуулсан” хэмээн тайлбарлав.
Харин ЦЕГ-ынхан “Ийм гомдол ирсэн нь үнэн. Интернэт нь тасарсны улмаас дүнгээ нэгтгэх боломжгүй болсон юм билээ. Байгалийн хүчин зүйлээс болж интернэтийн сүлжээ тасарсан уу, аль эсвэл хэн нэгэн санаатай тасалсан уу гэдгийг тогтоохоор тус аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж эхэлсэн” гэв.
Энэ явдлын талаар Говь-Алтай аймаг дахь эх сурвалжаас тодруулахад “Үүрийн 04.00 цаг орчимд Цогт сумын интернэт тасарсан гэсэн. Тус сум дахь хэсгийн төлөөлөгч шалтгааныг тогтоохоор үүрэн холбооны антенн орчмыг шалгахад кабелийн утсыг нь тасалчихсан байсан гэсэн” хэмээлээ.
Өөр нэгэн хүн уг мэдээлэл үнэн болохыг батлаад “Өгөгдөл дамжуулдаг кабелийн дэргэд сүлжээний утас олон бий. Гэтэл ганц холбооныхыг нь тасалсан байсан. Албаны хүмүүс харилцаа холбоо, технологийн мэргэжил эзэмшсэн хүн тасалсан гэх таамаг дэвшүүлж байгаа” гэсэн юм.
Эл хэргийг шалгахаар Тагнуулын ерөнхий газар болон Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг Цогт сумыг зорьжээ. Өчигдөр 20.00 орчимд хэргийн газарт үзлэг хийсэн, эсэхийг тэднээс тодруулахад Цогт суманд очоогүй байв. Тус сумын иргэдийн ярьж буйгаар холбооны антенн хадтай уулын орой дээр байдаг аж.
Станц байрладаг жижиг байшин, антенн байрлуулсан цамхгийн хооронд гүүр мэт хийцтэй төмөр байрлуулж, цахилгаан болон шилэн кабелийг татсан аж. Гэмт этгээд түүн дээр зогсож, кабелийг тасалсан байх магадлал өндөр гэнэ.