
Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа МАН-ын Удирдах зөвлөл УИХ дахь намын бүлэгтэй хамтарсан хуралдаан хийхдээ хоорондоо муудалцсан, тус намын нөлөө бүхий эрхмүүдийн зөрчил хурцадлаа хэмээн зарим эх сурвалж мэдээлж буй. “Хэргийн эзэд”-ээр тодруулаад буй зарим эрхмээс энэ тухай өчигдөр тодрууллаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай намыг хагарч, бутарсан юм шиг яриад байна. Өөрсдийнхөө намынхныг хагалан бутаргаж болно. Бусдын намыг битгий ингээч ээ” гэсэн бол Шадар сайд У.Хүрэлсүх “Ажиглаад байхад сонгууль хар мэдээлэл дунд өрнөлөө. Сонгуулийн үеэр яаж ажиллах, юун дээр алдаж, онож байгаагаа аль ч улс төрийн хүчин ярьж дүгнэдэг биз дээ.
Ерөнхий сайд бид хоёр муудалцаж, хатуу үг шидэлцээгүй. Хариуцлага ярих хугацаа болоогүй байна. Би онцгой байдлын асуудал эрхэлж буй сайдын хувьд гал, ус, сонгууль гурвыг битгий ингэж элдвээр ярьж бай гэж хэлдэг дээ” хэмээв.
Мөн намынхаа зөрчилдөөнийг хурцатгаж байгаа гэгдэж буй Ц.Нямдоржоос сэтгүүлчид зарим асуултад хариулт авсан юм.
-Танай намын эв нэгдлийн талаар энэ хэдэн өдөр хөндлөө. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-МАН задарлаа гэх мэдээллийг надтай холбож яриад байх шиг. Би сонгуульд саналаа өгчихөөд БНСУ руу яваад, өчигдөр (уржигдар) орой ирсэн. Та бүхний яриад байгаа хуралд би оролцоогүй. Сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад хариуцлагын талаар ярина гэж юу байдаг юм. Харин Удирдах зөвлөлийнхөн юунаас болж ийм үр дүн гарав гэж хуралдаж, зарим хүн үг хэлсэн байх.
Ер нь энэ сонгуульд хар пиар, бүр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байх талтай. Сонгуулийн үеэр гүтгэх, мөнгө тараах зэрэг муу, муухай зүйл гардаг байсан. Нэр дэвшигчдийн багт ажиллаж буй сэтгүүлчид Монголын Төрийн тэргүүний сонгуулийг сурталчилж байгаа гэдгээ огт мартаж болохгүй. Гүйцэтгэх ажилтай холбоотой зарим ажлыг мэргэжлийн хүн хийсэн.
-Зарим улс төрийн хүчин сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна.
-Бүх зүйл тодорхойгүй байна. Нөхцөл байдлыг судалж чадаагүй байна. Баян-Өлгий аймгийн саналыг өнөөдөр дахин тоолж байгаа гэнэ лээ. Саналын дүнгээр ойр явж байгаад нэг тойрог, аймгийн үр дүнгээс болж нөхцөл байдал орвонгоороо эргэх нь бий. Баян-Өлгий аймагт тийм зүйл болчихсон юм болов уу гэсэн ойлголттой байгаа.
Жишээлбэл, 2004 оны сонгуулиар 40 дүгээр тойргийн сонгуулийн дүн Увс аймагт гараад, Д.Дорлигжав 450 орчим саналаар ялсан. Нэг сумын санал ирээгүй байсан. Зүүнхангайн дүнг 03.00 цаг хүртэл хүлээсэн.
Гэтэл 980 орчим саналаар Ч.Авдай багш илүүрхээд, дүнг орвонгоор нь эргүүлсэн. Хэрэв “хар машин”-аар дамжуулж луйвардах байсан бол хаа сайгүй л хийнэ шүү дээ. Маргааныг сонгуулийн байгууллага нь эцэслээд, олон нийтэд мэдээлэх байх.
-МАН оновчтой хүнээ нэр дэвшүүлж чадсангүй гэж дүгнэх хүмүүс ч байна.
-Гурван нам дүгнэлт хийж, сонгуулийн үр дүнг маш нарийн судалж үзэх хэрэгтэй. Ард түмэн нэг юм хэлээд байна шүү дээ, гурвууланд нь. Ард түмний сонголт буруу байна гэж үгүй.
Монгол Улсын хамгийн том дарга нь хоёр сая сонгогч юм. Тэдний санал яагаад анх удаа ийм үр дүнд хүрэв гэдгийг улс төрийн тогоонд байгаа бүх хүн дүгнэх хэрэгтэй. Буруугаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй.
-Танай намын лидерүүд үнэхээр зөрчилдсөн, эсэх тухайд та нэг л тоймтой хариулахгүй байгаа нь М.Энхболд даргатай муудалцсан юм шиг ойлгогдлоо.
-Наадах чинь ёстой худлаа. Би нэр дэвшээд илүү дэмжлэг авч чадаагүй. Үүнээс хойш сар болж байна. Ам мурийсангүй. Кампанит ажлын хүрээнд долоон аймгаар явсан. Морь уяж байгаа уяач шиг л явсан.
Ардын нам хариуцлагын асуудлыг эцсийн дүн гарсны дараа ярьж л таарна. Ялсан ч, ялагдсан ч ярина. Байдаг л үзэгдэл. “МАН хагаралтай байна” гэсэн мэдээг олон нийтэд өгч, хагаралтай намд санал өгч яах юм гэж бодтол нь хар нэвтрүүлэг хийж буй байхгүй юу.
-Дахин санал хураалтын дүнг та хэрхэн таамаглаж байна вэ?
-Тааварлах аргагүй зүйл. Гэхдээ мэдрэмж байна. Гэвч та нарт хэлэхгүй.
-Одоо болох гэж буй санал хураалтыг хүчингүй болгож, сонгуулийг шинээр зарлах нь зүйтэй гэсэн хандлага газар авч байх шиг.
-Сонгуульд нэр дэвшүүлсэн зарим нь ийм зүйл яриад байгаа юм биш үү. Ард түмний сонголт, сэтгэл зүйг хүндэлж сурах хэрэгтэй. Ялагдчихаад гонгиноод байж болохгүй. Сонгуулийг замаас нь будлиулж, дахиулан байж, Ерөнхийлөгч болчих санаатай хүн байж мэднэ шүү.
Тэр хүмүүс санал хураалтыг будлиулах башир арга хэрэглээд эхэлсэн нь мэдрэгдээд байна. Зарим хүн “Би л биш бол хэн ч биш” гэж бодоод улс төрийг амраахгүй, сүвлээд, хорлоод, шантааж хийгээд, будлиан хутгаад байна шүү дээ.
-Шинээр сонгууль зарлалаа гэхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр дарга нэр дэвших боломж байгаа юу?
-Би Сонгуулийн ерөнхий хороо биш. Сонгуулийн ерөнхий хороо уг асуудлаар саяхан шийдвэр гаргасан. Түүнээсээ өөр шийдвэр гаргавал шараа болно биз дээ.
-Цагдаагийнхан ямар хурдан ажиллаж болдгийг сонгуулийн үеэр хүмүүс мэдэрч, гайхаад байна л даа.
-Хуулийнхантай харьцаагүй удсан учраас дүгнэлт хийж чадахгүй. Сонгуулийн үеэр гарч байгаа маргааныг хурдан шийдвэрлэдэг. Шүүх хурлын талаар мэдэхгүй.