
СЕХ-ноос хоёр дахь шатны санал авах ажилтай холбогдуулан мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар саналын хуудас бүрэн хэвлэгдэж дууссан.
Аймгуудын саналын хуудас ачигдаж дууслаа. Мөн дүүргүүдийн саналын хуудсын хүргэлт дууссан. Гадаадад байгаа иргэдийн саналыг авахад бэлэн болсон. Сонгогчдын бүртгэл болон техникийн бэлтгэл маргааш гэхэд бүрэн дуусна. СЕХ, төв салбар комисс, ажлын хэсгүүд 24 цагийн хуваариар хоёр ээлжээр ажиллаж байна.
4,5-ны өдрүүдэд гадаадад байгаа сонгогчдын саналыг авч эхэлнэ. 6-ны өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санад авах ажиллагаа болно. 7-нд үндсэн санал хураалт болж, бүх нийтээр амарна. Тиймээс иргэдийг саналаа өгөхийг уриалж байна.
Сонгуулиар Баян-Өлгий аймгийн сонгуулийн хэсгүүдээс 26-ны шөнө, 27-ны өглөөний мэдээллүүд оройтож ирсэн. Үүнтэй холбоотойгоор дүн мэдээг хуульд заасны дагуу нэн даруй дамжуулахыг тус аймгийн ажлын хэсэг болон аймаг, дүүргийн сонгуулийн хэсгүүдэд үүрэг болгосон" гэв.
Мөн Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбек "Өнгөрсөн сонгуулийн үеэр манай аймгийн хоёр хэсэг дүн мэдээгээ оройтож дамжуулсан. Намуудаас гаргасан хүсэлт, СЕХ-ны шаардлагын дагуу Баян-Өлгий аймгийн 89 хэсгийн техникийн тооллого хийгдээгүй 47 хэсэгт техникийн тооллого хийлээ. Тухайлбла, зургаадугаар сарын 28-ны өдөр СЕХ-ны 44-р тогтоолоор Баян-Өлгий аймагт техникийн тооллого хийх шийдвэр гарсан. Үүний дагуу өнгөрсөн сарын 29-ний өдөр намуудад албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу МАН-аас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан дөрвөн хүнийг ажиглагчаар оролцуулах бичгээ ирүүлсэн. Харин Баян-Өлгий аймгийн АН-ын хороо ажиглагчаар оролцох шаардлагагүй гэж үзсэн бол МАХН-аас тооллогын үйл ажиллагаанд ажиглагчаар оролцохгүй, гэхдээ 11 хэсэг хууль зөрчигдөж байгаа гэж үзсэнээ албан бичгээр мэдэгдсэн.
Ингээд техникийн тооллого зургаадугаар сарын 29-ний 17.00 цагт эхэлж, 30-ны өдрийн 12.00 цагт дуусгасан. Тус 47 хэсэгт 20747 иргэн санал өгсөн бөгөөд М.Энхболд - 10.237, Х.Баттулга - 7543, С.Ганбаатар - 2686 санал авч 269 тэмдэглэгдээгүй хуудас гарсан. Нийт Баян-өлгий аймгийн хэсжээнд 39.255 санал өгснөөс М.Энхболд - 19.332 49.25 хувь, Х.Баттулга - 14.218 36.22 хувь, С.Ганбаатар - 5205 санал буюу 13.26 хувийн санал өгчээ. Огт тэмдэглэгдээгүй 500 саналын хуудас гарсан. Ингээд нийт дүнгээр Баян-Өлгий аймагт тооллого хийгдэж ямар нэгэн зөрчил гараагүй гэдгийг мэдэгдэж байна.
Мэдээ саатсан хэсгүүд сумын төвөөс алслагдмал, утасны сүлжээ муу, учир мэдээ дамжуулахад удсан" хэмээв.