
УИХ-ын гишүүн Д.Гантулга мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нэр ус нь тодорхойгүй хаягаас янз бүрийн эх сурвалжтай мэдээлэл ирсээр Д.Гантулга гэдэг гишүүн хүчин хийсэн болоод хувирчихлаа. Хэрэг гараад хорь гаруй хоног өнгөрчихөөд байхад зарим хүн “Та яагаад хариу өгөхгүй удав аа. Та өөрөө буруутай юм бишүү” гэж асууж байсан. Үүнд тайлбар хийе. Энэ сарын 3-ны өдөр тус мэдээллийг анх цацсан эх сурвалж анх удаа албан ёсоор мэдээлэл хийлээ. Тиймээс би хөдөө орон нутагт ажиллаж яваад өчигдөр ирээд өнөөдөр албан ёсны мэдээлэл хийж байгаа юм. Өнгө мөнгөнд үнэ цэн, хүн чанараа худалддаг нэг үеийн залуусын эрх ашиг, бүхэл бүтэн нэг үеийг өөрчилж шинэчлэх үеийн өмнө ирээд байна. Анх зургадугаар сарын 12-ны өдөр Д.Гантулга гэдэг хүнийг хүчингийн хэрэгт холбосон гомдол ирсэн байдаг.
Тэгсэн 13-нд нь тухайн гомдлоо эргүүлэн татсан байсан. Гэхдээ би хууль шүүхийн байгууллагад үнэн зөвөөр нь шалгаж өгөх хүсэлт гаргасан. Үүний дагуу өнгөрсөн сарын 19-нд цагдаагийн газар мэдүүлгээ өгсөн. Дараа нь шүүх эмнэлгийн дүгнэлт гарч, 21-ний өдөр прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн дүгнэлт гарсан. Прокурорын байгууллагаас дүгнэлтээ авахыг хүсэхэд анх өргөдөл гаргасан хүмүүст түрүүлж өгдөг гээд өгөөгүй.
Оффшор дансны тухай мэдээллийг гаргасан өдөртэй зэрэгцэн medee.mn дээр энэ мэдээлэл гарч эхэлсэн нь цэвэр улстөрийн зорилготой гэдгийг харж болохоор байна. Мөн АН-ын гишүүд дэмжигчид энэ мэдээллийг хэрхэн цацаж байгаагаас харж болохоор байна.
6 сарын 21-ний өдөр прокурорын дүгнэлт гарч байх үед уйлан дуулан яваа н.Саранзаяа гэгч Хөвсгөл далайн эрэг дээр амраад явж байсан. Анх мэдээлэл гарсны маргааш эмнэлэг дээр очиж уулзахад маш тайван өнгө аясаар ярьж байхыг нь та бүгд сонссон байх. Өчигдөр ч мэдээлэл хийхдээ “Надад мөнгө өгсөн. Ахиад ч өгөх хэрэгтэй” гэсэн утга бүхий мэдэгдэл хийж байна лээ. Энэ бол цэвэр “шантааж” юм. Би хэн нэгэнд их хэмжээний мөнгө өгөх нь бүү хэл өөрийн нэр дээр байргүй хүн. Тиймээс ард иргэд үнэн зөвөөр ойлгохыг хүсч байна.
Ер нь улс төрийн залуу гишүүдийг дарж харлуулах гэж оролддог, 2000 онд тухайн үед 32 настай байсан У.Хүрэлсүх гишүүн, 2012 онд Оюун-Эрдэнэ гишүүнийг мөн хүчингийн хэрэгт холбож байсан. Энэ бол Гантулга хүчин хийсэн биш, харин Гантулгын залуу үеийг улс төр хүчиндэж байгаа хэлбэр юм. Тиймээс би эцсээ хүртэл явна” гэсэн юм.
Мөн сэтгүүлчид болсон үйл явдлын тухай тодруулахад “Зургадугаар сарын 11-ний орой би Энканто саунд олон залуусын хамт байсан. Үргэлжлүүлээд иргэн Ц-гийнд очиж хоносон. Тэгээд өглөө нь гараад явсан. Юу ч болоогүй” гэв.