
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий 9 дүүргийн сонгуулийн хороо, 403 хэсгийн санал авах байр байгуулагдан ажиллаж байгаа аж. Санал авах байруудын 157 нь төрийн өмчийн сургууль, 85 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор, 28 нь хувийн хэвшлийн байгууллага, 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлаж байгаа. Гэр хороололд байрлалтай санал авах байруудын 30 хувьд нь болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс цахилгааны эх үүсгүүрүүд байрлуулжээ.
Мөн энэ удаагийн санал хураалтад нийслэлийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 907162 сонгогч бүртгэгдсэн байна. Үүнээс “Түр хасав” тэмдэглэгээтэй 29904 сонгогч байна. Сонгуулийн Ерөнхий хорооноос нийт 9043336 саналын хуудас хүлээн авч энэ сарын 5-ны дотор техник хэрэгслийн хамт бүх санал авах байруудад тарааж дууссан. Дахин санал хураалт өглөө 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Ард иргэд сонгуульдаа идэвхтэй оролцоорой