
МАХН-аас сонгуулийн санал хураалтын үед гарч буй зөрчлүүдийн талаар Үндэсний мэдээллийн төвд шуурхай мэдээлэл хийлээ. Тодруулбал, МАХН-аас Сонгуулийн тухай хуулийн 99.2-т зааснаар нэр дэвшигчид ёс зүй, нэр хүнд, авлига, оффшорын асуудлаар нэр холбогдсон тохиолдолд нэр дэвшигчдийг дэмжихгүй сонгуулийн саналын хуудсыг цагаанаар өгч болно гэсэн хуулийн заалтыг сурталчлан таниулах ажлыг явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарыг дэмжиж байсан сонгогчдыг дарамталж, мөрдөн мөшгих, цагдаагийн байгууллагад шалтгаангүйгээр хэдэн цагаар хорьж саатуулах зэрэг асуудал удаа дараа гарч байгаа гэнэ. Тухайлбал, Өвөрхангай, Хэнтай аймгуудад МАХН-ын сонгуулийн сурталчилгаа хариуцсан хүмүүсийг цагдаагийн байгууллага саатуулсан хэмээн албаныхан хэллээ. Мөн нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг хариуцлагатайгаар мэдэгдлээ.
Энэ үеэр С.Ганбаатар хэлэхдээ "Би Монголын төрийг хулгайгүй болгохын төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Оффшорчид, авлигачдаас нь чөлөөлж чадвал олон хүн ажлын байртай болж, уул уурхайн баялгаас хулгай хийхээ болих юм бол олон цэцэрлэг, сургууль, үйлдвэр баригдаж, тэтгэвэр нэмэгдэж, Монгол Улсын Тусгаар тогтнол баталгаажина. Үүнийг ч Монголын ард түмэн дэмжиж, бид ялсан. Харин тэд луйвардсан. Бид СЕХ-той хуйвалдсан МАНАН-гийн луйвартай эцсээ хүртэл тэмцэнэ. Харин ард түмнээ хүчирхийлэлд уриалан дуудаж болохгүй. Эрсдэлд оруулахгүй, долдугаар сарын 1-нийг давтуулахгүйн тулд хууль шүүхийн аргаар тэмцлээ явуулна. Тиймээс УИХ-д СЕХ-г татан буулгах шаардлага хүргүүлсэн байгаа. Учир нь СЕХ гэх байгууллага МАН, АН-аас бүрддэг. Сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигчдээс манай гэр рүү халдан дайрсан, сум, тэсрэх бодис явуулсан хэрэг удаа дараа гарлаа. Үүнийг хууль шүүхийн байгууллага "хав" дарсан. Сүүлдээ цахим сүлжээгээр элдэв гүтгэлэг, доромжлол, эвлүүлэг тархаж эхэлсэн. Би үүнтэй тууштай тэмцэх болно" гэв.