
Ардчилсан нам хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ "СЕХ-ноос өгсөн дүн мэдээнээс үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад нэр дэвшигч Х.Баттулга саналаа өгсөн нийт сонгогчдоос 50.07 хувийн саналыг авч чадсанаар ялагч болсон нь тодорхой боллоо. Бид энэхүү ялалтын үнэ цэнэ, ялалт байгуулахад хувь нэмрээ оруулсан Монголын ард түмний хувь нэмэр, тусламж дэмжлэгт АН-ын зүгээс гүн талархал илэрхийлж байна" гэлээ.
Үүний дараа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болох болзлоо хангасан нэр дэвшигч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр "Хоёр дахь шатны санал хураалт дүнгээ гаргаж байна. Нийтдээ 610 мянган сонгогчдын саналыг авч, ялалт АН-ын нэр дэвшигчийн талд гарч байна. Өнгөрсөн хугацаанд дэмжиж ирсэн олон зуун сонгогч, АН-ын гишүүд дэмжигчид, Ардчилсан холбооныхоо партизанууддаа баярлалаа гэж хэлье. Монгол Улсаа хөгжүүлэх үндсэн зорилготой Ерөнхийлөгч байна гэдгээ удаа дараа амалж ирсэн. Монголчууд яллаа. Монгол яллаа" гэв.
Дараа нь сэтгүүлчид Ерөнхийлөгчийн ажлаа аваад хамгийн түрүүнд ямар асуудлыг барьж авч ажиллахыг нь тодруулахад "Монгол Улсын Ерөнхийлөгч эв эеийг сахих ёстой. Эвлэлдэн нэгдэж монголчуудыг нэгтгэх үүрэгтэй. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хүндрэлийг буюу өртэй Монголыг өргүй болгохын талаа ханцуй шамлан орох болно" гэв.