
Өнөөдөр Ялалтын талбайд Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ялалтын баяраа хийлээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "АН-ын даргын хувьд намынхаа олон мянган гишүүд, дэмжигчиддээ гүнээ талархаж байна. Монгол Улсын Тусгаар тогтнол, хөгжлийн бодлогыг дээдэлсэн Ерөнхийлөгч сонгогдлоо. Нэр дэвшигч Х.Баттулга Монгол Улсын хөгжлийн төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэхүү ялалт бидэнд тийм ч амар хялбар олдоогүй. Бидэнд бусад өрсөлдөгчийнх шиг нэр хүнд, асар их мөнгө байгаагүй. Харин бидэнд ардчиллыг дэмждэг Монголын ард түмэн зогсож байгаа учраас бид ялна гэдэгтээ итгэлтэй байсан юм. Энэ сонгууль эрх баригчдад амлалтаасаа ухарвал эргээд ард түмэн ямар хариу өгч чадах вэ гэдгийг харуулсан түүхэн сонголт болж чадсан. Монголчууд яллаа" гэв.
Мөн нэр дэвшигч Х.Баттулга "АН-аас нэр дэвшсэн намайг олон зуун мянган сонгогч сонголоо. Та бүхэндээ баярлалаа. 2017 оны зургадугаар сарын 6-наас сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Энэхүү нэг сар гаруй хугацаанд УИХ, Засгийн газрыг шахаж шаардсаны хүчинд богино хугацаанд амлалтуудыг нь биелүүлж чадлаа. Энэ бол Монголын ард түмний минь хүч юм. 2020 он хүртэл миний бие ард түмэнтэйгээ нийлж Засгийн газрыг шахаж шаардаж, сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтуудыг нь биелүүлнэ гэдгээ андгайлъя" хэмээлээ.