
Долгорсүрэнгийн Давгадорж буюу Асашорюү энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшиж, шинэхэн төрийн тэргүүн болсон Халтмаагийн Баттулгыг дэмжсэн билээ. Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж, түүний дэмжсэн Х.Баттулга Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Японы томоохон хэвлэл болох "The Nikkei" сонин ярилцлага авчээ. Энэхүү ярилцлагыг өнгөрсөн бямба гаригт хийсэн байна. Ингээд уншигчдад уг ярилцлагыг товчлон хүргэе.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар таны бодлыг сонсоё?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн төгсгөлд ямар үр дүн гарахыг мэдээгүй ч өнгөрсөн зургадугаар сард сонгуулийн компанит ажил эхлэснээс хойш миний фэйсбук хуудсаар хийсэн LIVE бичлэгийг нийт 20.2 сая хүн үзэж, биднийг дэмжиж байлаа. Тиймээс биднийг дэмжсэн хүмүүс маш олон байгааг мэдэрч байлаа. Тэр хүмүүсийн ихэнх нь залуучууд байсан. Миний бодлоор залуучуудын эх оронч үзлийг төрүүлж, улс орныхоо ирээдүйг шийдсэн сонголт хийхэд нөлөөлсөн гэж болно.
-Энэ удаагийн сонгуульд Х.Баттулга ялсны нууц юу байв?
-Харамсалтай боловч монголчуудад итгэл хүлээлгэх хүн олон байдаггүй. Олон хүн бидний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй. Энэ байдлыг даван туулахад Х.Баттулга нөлөөлж, ард түмнийг нэгтгэж, нэгдмэл Монгол улс ялах болно гэдгийг хүмүүс мэдэрсэн юм болов уу.
-Та яагаад түүнийг дэмжсэн бэ?
-Би Х.Баттулгатай анх 12 настайдаа уулзаж байлаа. Тэр бусад тамирчид шиг бэрхшээлийг даван туулах чадвартай нэгэн. Тиймээс түүнийг хий хоосон амлах хүн биш гэж боддог.
-Харин одоо тэр Ерөнхийлөгч болчихлоо. Түүнийг цаашид хэрхэн дэмжих вэ?
-Ямар үр дүнд хүрэхийг мэдэхгүй. Гэхдээ би зөвлөхөөр ажиллах боломжтой. ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөршийн дунд байдаг учир ирээдүйгээ зөв нүдээр харах ёстой. Юуны түрүүнд эдийн засгийн хямралаас гарах хэрэгтэй юм. Би Японыг манай гурав дахь хөрш байгаасай гэж хүсдэг. Тиймээс хоёр улсын хоорондох гүүр нь болохыг хүсэж байна.
-Хоёр орны харилцааг хэрхэн хөгжүүлэх вэ?
-Монгол бол байгалийн асар их баялагтай улс боловч бид энэ баялагаа зөвхөн хөрш орондоо л нийлүүлж байна. Монголд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх, цаашлаад үйлдвэрлэлийн салбарт хамтрах боломжтой.