
Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн манай улсад хийж буй албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ. Хоёр улсын парламентын дарга нар албан ёсны уулзалт хийсэн. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Монгол, Японы хооронд дипломат харилцааны 45 жилийн ойн хүрээнд дөрвөн сарын дотор парламентын дарга нар нь харилцан айлчилж буй нь чухал үйл явдал” хэмээн онцолсон. Тэрбээр Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд УИХ онцгой анхаарахаа илэрхийлэв. УИХ-ын дарга “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр илүү идэвх чармайлт гаргах шаардлагатай байна. Бид давхар татвараас чөлөөлөх зэргээр бизнесийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, түвэг бэрхшээлийг арилгах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авах болно” гээд нүүрс-химийн цогцолборын төслийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулахыг хүслээ.
Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима “Би Төлөөлөгчдийн танхимын хамгийн залуу гурван гишүүнийг дагуулж ирсэн. Учир нь манай хоёр орны сайн харилцаа мөнх байх ёстой. Тэр нь залуу үеэр дамжин үргэлжилнэ” хэмээн онцолсон. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухайд тэрбээр “Давхар татвар, тээвэрлэлт зэрэг тулгамдсан асуудлыг хоёр тал хамтран ярилцаж, шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын ил тод, шударга, таатай орчин бүрдүүлэх нь чухал. Үүнд бид дэмжлэг үзүүлэх болно” гээд нүүрс-химийн цогцолбор байгуулах төслийн чиглэлээр Засгийн газрын Эрчим хүчний агентлаг, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яаманд үүрэг өгөхөө хэлэв. Тэрбээр “ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлж, эдийн засгаа сэргээхэд Япон улс боломжтой бүхнээр туслах болно” хэмээгээд “Токио-2020” олимпод оролцох Монголын тамирчдын бэлтгэлийг хангах талаар хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, 2025 онд дэлхийн худалдааны экспог Осакад зохион байгуулах манай санаачилгыг дэмжихийг хүсэв.
“ДАВХАР ТАТВАРЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ”
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулгад Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа. Уулзалтын үеэр хоёр тал стратегийн харилцаагаа үргэлжлүүлэхээ нотолж, харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.
Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын даргад бараалхлаа. Энэ үеэр Ерөнхий сайд “Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрч, хамтын үнэт зүйлсээр холбогдсон Зүүн хойд Ази дахь стратегийн, дотно түнш болсон. Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтэд онцгой анхаарч байна” гээд давхар татвараас харилцан чөлөөлөх хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад Засгийн газар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс олон улсын талбарт Япон улсыг тогтмол дэмжиж ирснээ онцолж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Япон улс байнгын гишүүн болох ёстой гэсэн зарчмын байр сууриа дахин нотлов. Ноён Т.Оошима “Аливаа улсын эдийн засгийн хөгжилд сайн, муу үе тохиодог. Манай улсын эдийн засаг 1945 онд өндөр өсөлттэй байсан ч удалгүй их хямралд өртсөн. Тэр үед татвараа хэд хэдэн удаа нэмж байж санхүүгийн байдлаа сэргээсэн. НӨАТ-ыг нэмэх шийдвэр гаргасны дараа болсон сонгуульд ард түмэндээ хүндлэгдсэн улстөрчид ч ялагдал хүлээсэн нь бий. Гэсэн ч бид эдийн засгаа сэргээсэн” гээд Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа богино хугацаанд сэргээсэн шигээ бэхжүүлж чадна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Тэрбээр мөн хувийн хэвшлийн харилцааг хөгжүүлэх, Монгол Улсад түлхүү хөрөнгө оруулах, хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх зэрэг чиглэлд анхаарахаа онцолсон. Эцэст нь Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх бодлогыг нь тууштай дэмжиж буйд талархаад, БНАСАУ-д хулгайлагдсан япон иргэдийг эх оронд нь буцаахад Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Албан уулзалтуудын дараа УИХ-ын дарга М.Энхболд ноён Т.Оошима тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд хүлээн авч, дурсгалын зураг авахуулсан. Ингээд Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима сэтгүүлчдэд айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Манай хоёр орон ардчилал, эрх чөлөөг хөгжүүлж байгаа нийтлэг зорилготой. Ийм ч учраас бидний хувьд Монгол Улс юугаар ч орлуулшгүй түнш юм. Цаашид хоёр орны стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл урлаг, спорт гэх мэт бүхий л салбарт өргөн хүрээнд хөгжүүлэх чиглэлд санал нэгдсэн. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлд манай улс 850 сая ам.долларын тусламж, дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх нь чухал гэдэгт санал нэгдсэн. Мөн Хойд Солонгосын асуудлаар бид байр сууриа илэрхийлсэн. Одоогийн нөхцөлд Монгол Улс уг асуудалд маш санаа зовниж байгааг дуулгасан. Монголын талаас шинэ нисэх онгоцны буудлын менежментийг шийдэх, шинэ төмөр зам барих зэрэг санал дэвшүүлснийг Засгийн газартаа уламжилна. Бидний зүгээс ч хэд хэдэн санал дэвшүүлсэн” гээд айлчлал амжилттай болж байгааг хэллээ.
Ноён Т.Оошима ийн товч мэдэгдэл хийгээд, Монголын сэтгүүлчийн тавьсан асуултад дараах хариултыг өгөв.
-Японы хууль тогтоох байгууллагын удирдлага гадаадад айлчлах нь тийм ч олон биш гэж сонссон. Төлөөлөгчдийн танхимын дарга нь Манайд анх удаа айлчилж байна. Та яагаад чухалчлан Монголд айлчилж байна вэ?
-Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхийг бид зорьж ирсэн. Та бүхэн харж байна. Миний ард манай Төлөөлөгчдийн танхимын хамгийн залуу гурван гишүүн зогсож байна. Өөрөөр хэлбэл, Төлөөлөгчдийн танхим хоёр орны харилцааг эрхэмлэн хөгжүүлэх зорилготой гэдгээ харуулах үүднээс залуу гишүүдийнхээ хамт Монголд айлчилж байгаа юм.