
Мэйси Коултон хэмээх найман настай энэ охин нүүрэндээ нийт 29 хагалгаа хийлгэжээ. Тэрбээр ховор төрлийн генийн эмгэгтэй төрсөн бөгөөд цаашид ч өсөлт нь зогсох хүртэл хагалгаа хийлгэхээр төлөвлөж байгаа юм. Мэйси Тракер Коллинсийн синдром гэж нэрлэдэг ховор төрлийн эмгэгтэй. Энэ төрлийн синдромтой хүмүүс нүүрний элдэв гажигтай, мөн амьсгал болон сонсголын бэрхшээлтэй төрдөг аж.

Өрөвдөлтэй хувь заяаны эзэн болсон хэдий ч энэ охин хэзээ ч гутардаггүй, үргэлж баяр хөөртэй байдаг талаар ээж Сара нь ярьжээ. Хоёр хүүхдийн эх Сара гоо сайхны эмч мэргэжилтэй. Тэрбээр охиноо тээгээд 24 долоо хоногтой байхад нь эмч нар эрсдэлтэй жирэмслэлт болохыг сануулж байсан ч тоогоогүй аж.

Энэ жил 49 настай Сара болон түүний нөхөр Пол нар Мэйсиг анх эхогоор үзэхэд бүх зүйл нь зүгээр мэт харагдаж байсан. Тиймээс түүнд санаа зовох зүйл байгаагүй гэж ярьжээ. Анх охиноо төрөхөд ямар байсан талаар ээж нь "Мэйси нүүрэндээ сорвитой юм шиг харагдаж байлаа. Түүнд чих байгаагүй, яаж амьсгалдаг болохыг нь ч ойлгоход хэцүү байлаа" гэж дурссан байна. Том охиноо төрсөний дараа хосууд дахин нэг охинтой болсон бөгөөд азаар бага охин Эрин нь эрүүл саруул төржээ.