
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийн дагуу боловсруулсан төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр болоод буй. Энэ удаа ч мөн орон нутгийн иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, саналыг нь орон даяар сонссоноо нэгтгэн боловсруулж, УИХ-ын намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлнэ гэж байгаа. Эл ажлын эхлэл болгон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг танилцуулах сургагч багш нарыг бэлтгэж эхлээд байна. Орон даяар хэлэлцүүлэг явуулахтай холбоотойгоор бүх аймаг, нийслэлийн ИТХ-ын дэргэд ажлын хэсэг байгуулсан бөгөөд энэ зуныг дуустал, ирэх аравдугаар сарын эхэнд ээлжит чуулганыг нээх хүртэл бид Үндсэн хуулиар “амьсгалах” нь.
Тэгвэл улс даяар танилцуулах гээд буй төсөлд чухам ямар заалтууд тусгав. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой заалтууд тэнд ямар байдлаар орсон бол. Энэ нь Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хойш тавилгүй эхлүүлнэ, тэгэхдээ Төрийн тэргүүний эрх, үүргийг нэлээд “хөдөлгөх” болов уу гэсэн таамаг, хүлээлт бий болоод буй энэ үед сонирхол татах нь зүйн хэрэг.
Төслөөс Ерөнхийлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой заалтыг онцолж харвал тодорхой хэдхэн зүйл байх аж. Гэхдээ тэдгээр нь Үндсэн хуулиар олгосон Ерөнхийлөгчийн эрхийг танасан, бэлгэ тэмдэг төдий болгосон, зарим тохиолдолд бүр хүчингүй болгохоор байна. Тухайлбал, Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлдэг эрхийг “Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна” болгон өөрчлөхөөр тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон олон эрх эдэлдэг. Тэдгээрийн зарим нь парламентын засаглалтай улсын Ерөнхийлөгчид ногддог эрх мэдэл бол цөөхнийг нь хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудын удирдагчид л хүртдэг байх жишээтэй. Энэ ч утгаараа манай Ерөнхийлөгчийн статусыг засаглалын чухам аль салаа мөчирт (гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх) хамааруулах, парламентаасаа давсан эрх мэдэлтэй, эсэх тухайд эрдэмтэн, судлаачид харилцан адилгүй байр сууриа илэрхийлдэг. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийн дагуу боловсруулсан төслөөр бол Ерөнхийлөгчийн эрх нэлээд хязгаарлагдахаар байгаа юм.
Гэвч энэ бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийн дагуу боловсруулсан төсөл. Үүнийг одоо олон нийт хэлэлцэх гэж байна. Тэгээд ч уг төслийг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас өмнө боловсруулсныг анзаарах ёстой. Мөн УИХ-д суудалтай болон суудалгүй намын төлөөллүүд, анхдугаар Үндсэн хууль баталсан эрхмүүд, Үндсэн хууль судлаачдыг багтаасан ажлын хэсгийн бүтээл, “хар зураг” болохыг тэмдэглэе. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталбал заримыг нь 2020, хамгийн цаад тал нь 2021 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэхээр санал нэгдэн, төсөлдөө тусгасныг дурдах хэрэгтэй болов уу.
Үндсэн хууль
- УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно.
- Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Ерөнхийлөгч УИХ- ыг тараах тухай шийдвэр гаргана.
- Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.
- Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр УИХ хүн бүрээр хэлэлцэж томилно.
- Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.
- Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл
- Монгол Улсын Ерөнхийлөгч дараах тохиолдолд УИХ-ыг тараах шийдвэр гаргана.
- 1. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн; 2. УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй
- УИХ-ын гишүүн болон Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.
- Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна.
- Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг томилохоор УИХ-д танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шүүгчдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар сонгоно. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна.
- Уг заалтыг хүчингүй болгоно.