
“60 тэрбум”-ын гэх бичлэгийн нэг дүр болсон А.Ганбаатар өчигдөр мэдээлэл хийлээ. МАН-ын гишүүн, “Шинэ Монгол хаад” группийн эзэн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйн зөвлөх тэрбээр дээрх бичлэг цацагдсанаас хойш хууль, хяналтын байгууллагаар шалгуулсан тул хэвлэл, мэдээллийнхэнд хандах боломжгүй явснаа тайлбарлав. Тэрбээр “60 тэрбум”-ын гэх бичлэгийг цацсан иргэн Г.Доржзодов өөрийн боловсруулсан стратеги, санхүүгийн схем, төлөвлөгөөг бидэнд санал болгосон. 2016 оны сонгуулийн өмнө ОХУ, 2012 оны сонгуулиар АН энэхүү схемийг ашиглаж байсан хэмээн танилцуулсан. “Шинэ Монгол хаад” группийн байрны дөрвөн давхрын өрөөнд уулзаж, сонгуульд оролцох нийслэлийн МАН-ын хорооны төлөвлөгөөг Г.Доржзодовынхтой хамтатган ярилцсан нь үнэн. Гэвч тэр уулзалтад байсан хүмүүсийн яриа бичлэгт байхгүй. Харин уулзалтад оролцоогүй хүмүүсийн дуу хоолойг эвлүүлэгтээ оруулсан. Уулзалтад нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, иргэн Г.Доржзодов болон миний бие байсан. Энэ үеэр 60 тэрбум төгрөгийн талаар яриагүйг У.Хүрэлсүх сайд, Л.Оюун-Эрдэнэ гишүүн нар яагаад ярихгүй байгаа нь сонин. Намынх нь нэр хүндэд халдсан худал мэдээлэл цацагдсан байхад тэд яагаад дуугарахгүй суугааг гайхаж байна. Үүнээс 10 хоногийн дараа Г.Доржзодов бүр нарийвчилсан төлөвлөгөө танилцуулсан. Би нэг ч удаа төрийн албанд ажиллаж үзээгүй, санхүүгийн өндөр мэдлэггүй учраас ойлгоогүй ч тухайн үед тоглоом болгон ярьсан зүйл бий. Тэгэхэд Г.Доржзодов бид хоёр хоёулхнаа уулзсан. Зөвхөн бид хоёрын дунд өрнөсөн яриан дунд эвлүүлэг оруулсан. Олон ч уулзалтад Г.Доржзодов хамт байсан. Тэр болгоны бичлэгийг эвлүүлэн тарааж байна. Нөгөө талаас миний дуу хоолойг ямар ч хэлбэрээр дуурайх боломжтой. Г.Доржзодовын танилцуулсан схемийг сонссон хүн буруудаж байгаа бол тухайн өдөр хамт байсан У.Хүрэлсүх сайд, Л.Оюун-Эрдэнэ гишүүн, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарт ч эл хэрэг хамаатай. Тухайн өдөр бидний уулзсаныг нотлох гэрэл зураг, өөр баримт бий” гээд хуулийн байгууллагын шалгалт дууссаны дараа тодорхой баримт дэлгэхээ хэлсэн. Тэрбээр Ц.Сандуй, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хамт авахуулсан зургуудыг үзүүлсэн юм.
Түүний өмгөөлөгч Ц.Энхтайван “60 тэрбум”-ын гэх бичлэгийг эвлүүлэг болохыг тогтоосон байхад иргэн А.Ганбаатарын нэр хүндэд халдсан гэж үзэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан талаар мэдээлсэн. Уг гомдлын дагуу зургадугаар сарын 2-нд “Эх сурвалж нь тодорхойгүй эвлүүлэг хийсэн материалыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж, А.Ганбаатарын нэр хүндэд халдсан” хэмээн шүүхээс шийдвэрлэсэн гэнэ.