Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн VI хорооны 24 дүгээр гудамжны нэг гэрт есөн хүнийг егүүтгэж, гэрийг нь галдсан аймшигт хэрэг өнгөрсөн сарын 20-нд гарсан. Уг хэргийг хэн, яагаад үйлдсэнийг тогтоохоор ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал А.Дулаанжаргалаар ахлуулан ЭЦГ, УМБГ, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хамтран Ажлын хэсэг гарган эрэн сурвалжилж байгаа ч гэмт этгээдийг олж тогтоогоогүй байна.
Хэдийгээр энэ хэрэгт холбогдуулж талийгаач Б-тай хамтран амьдарч байсан Г-ийг саатуулсан ч гэм буруутай нь тогтоогдоогүй учраас сулласан.
Мөн хохирогч нартай ойр дотно байсан хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа ч дээрх хэргийг үйлдсэн нь тогтоогдохгүй байгаа аж.
Энэ хугацаанд цагдаагийнхан хохирогчдын хэн болохыг тогтоож, ар гэрийнхнээс нь тайлбар мэдүүлэг авч дуусчээ.
Бидэнд олдсон мэдээллээр хохирогч Б, түүний хоёр хүүхэд, хамтран амьдарч байсан Ш нар уг гэрт амьдардаг байж.
Хэрэг гарах үед гэрийн эзэгтэйн найз гурван хүн, тэдний нэгнийх нь охин Х нар ирсэн байжээ. Мөн гэрийн эзэгтэйн дүү Г тэнд байсан нь тогтоогдсон гэнэ.