“Шоронгоос гарсан монгол залуу нутагтаа харихын оронд манай оронд гэмт хэргээ үргэлжлүүлсээр байна” хэмээн ОХУ-ын Цагдаагийн газраас мэдээллээ. Монгол Улсын иргэн Ч.Цогбадрах хулгайн хэргээр шийтгүүлэн, ялаа эдлээд сарын өмнө суллагдсан аж. Харин тэрбээр эх орондоо харихыг яарсангүй, Москвад амьдарсаар байсан гэнэ.
Москва хотын Манежийн талбайд орших “Макдональдс” ресторанд сууж байсан эмэгтэйн цүнхнээс түрийвчийг нь хулгайлаад гарч зугтсан байна. Тооцоогоо хийхээр боссон бүсгүй мөнгөө алга болсныг мэдэн, цагдаад мэдэгдсэнээр эрэн сурвалжлах ажил эхэлжээ.
Удалгүй ази царайтай сэжигтэн баригдсан нь 1971 онд төрсөн, Улаанбаатар хотын харьяат Ч.Цогбадрах байсан гэнэ. Түүнд их хэмжээний хохирол учруулсан хулгайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
С.ОД